Skip to main content

Р.КИПЛИНГ Rudyard Kipling (30 December 1865 – 18 January 1936)



СУРГААЛ

Олныг уймруулсан гэж чамайг зүхэж байгаа

Олны уймарсан сүрэг дунд биеэн барь!

Орчлонд итгэхээр олдсон биедээн итгэ.

Олбиргон амьтсын элдэв нүглийг тэвч.

Гүйцэх нас чинь болоогүйгээс цөхөлгүй бай.

Гүтгэгчид гүтгэж л байг, тэдний зэрэгт бүү уна.

Хагацаж сур, хагацахдаан, харин чи,

Хамгаас цэцэн цэлмэг бүү харагд!

Хүслийн боол бололгүйгээр хүсэж сур!

Бодлын боол бололгүйгээр бодож сур!

Амжилт зэмлэл хоёрыг адилхан угт.

Аль алины нь өнгө хуурамчийг бүү март.

Хэсэг тэнэгийг уургалахаар зальхай амьтас

Хэлсэн үгийг чинь гуйвуулахад дөлгөөн хэвээр бай.

Хамаг амьдрал чинь балран унахад

Харин чи ахин эхэлж цогцлоох ёстой.

Жаргах найдвар байвал юугаан ч үл хайрлан

Зовж хураасан бүхнээн, зарж гаргаж сур.

Хамаг байдгаан алдаад урьдын адил хоосровч

Харамсана гэдгийг үүрд мартах хэрэгтэй.

Хайрласан бүхэн чинь хэдүйн цөлмөрч шатаад

Ханхай цээж үлдлээ ч гэсэн

Зориг чинь гагцхүү, замнах хүсэлтэй байсан цагт

Зүрх мэдрэл, бие сэтгэлээн, шахаж шаардаж сур.

Хаантай ярихдаа энгүүн бай.

Харцтай ярихдаан шударга бай.

Андтайгаан ч, атаатантайгаан ч, шууд бай, шулуун бай.

Алив юм цаг цагтаан чамтай тооцоолж л байг.

Алхам ч гүйцэгдэмгүй өдөр, цаг

Агшин бүрийг агуулгаар дүүргэ!

Тэр цагт, бүхий ертөнц, чиний эзэмшил мэт болно

Тэр цагт, хүү минь чи, хүн болно.

*Мишигийн Цэдэндоржийн орчуулга, энэ шүлэг Дашбалбарын мөрийн хөтөлбөр, амьдралын мөрдлөгөө болсон мэт санагдана. Нэгэнтээ тэрээр “энэ үгийг Р Киплинг надад захиж үлдээсэн юм” гэж хэлсэн байдаг.

Comments

Popular posts from this blog

Данзангийн НЯМСҮРЭН /1947-2002/

ҮЗЭСГЭЛЭНТ ХАСАРВААНЬ МОД ЦЭЦЭГЛЭЭД Үзэсгэлэнт хасарваань мод цэцэглээд Өргөн дэлхийн чимэг бүрдээд байхад Үдшийн сарны Гүмүда цэцэг шиг Чи минь гэлээ Өндөр газрын зэрэглээ урсаад Өдрийн нар аяганд ороод Мөнхийн зунаа уусаар байхад Чин минь л даарлаа гэлээ. Өмнөд нутгийн хөхөө ирээд Өвөр арн ууланд цэнгээд байхад Өнөө зуны сүүдэрт бадамласан лянхуа шиг Чи минь даарлаа гэлээ. Энэ л сайхан улирлын жимс бүрэн боловсроод Энхэр зөөлөн царайд чинь туяа татаад байхад Элчилгүй цөлийн тэнгэрийн хаяа дуудан ирсээр байхад Эндээс би явнаа гэлээ Ээж аавын хошуу нутаг сүүмийн хөхрөөд Эргэн хурган үүлс буцаад байхад Эр өвсний толгойг имрэн, имрэн Эрээнцаваас бүүр явнаа гэлээ. Чамайг даараад байнаа гэхээр Шаргачин зээрийн арьсаар хучлаа. Чамайг эндээс явнаа гэхээр Шаргал талынхаа бүх өвсөөр чөдөр зангидлаа. Чамайг даараад байнаа гэхээр Шаргахан аязтай дуугаа би зохиолоо. Чамайг эндээс явнаа гэхээр Шанзны нэг утсыг тасалж...

Д.НАЦАГДОРЖ 1906-1937/

НУУЦ ЯНАГ Хуралдсан олны дунд учирмагц Дөрвөн нүд эсрэг ширтэлцэж Хоёр сэтгэлийн дотор нэг зэргээр Зул гэрэлтэж байгааг хэн мэднэ Хожим өдөр гүн ойн дунд учирч, Сэтгэл зүрхийг хангахад Гагцхүү хажуугийн цэцэг үзэж Бид хоёрын зүг инээмсэглэнэ. Эгшин зуур боловч, Түмэнтээ бодогдох бөгөөд Хэзээ ба хаана гэж, Өчүүхэн зүрх нь өвдөнө. Хоёр бие хэдийгээр Эрх чөлөөгүй боловч, Сэтгэл зүрх нь хэзээд Нэг савны дотор хосолно. 1930 он

Д.Баттогтох /1967-1994/

САРНЫ ОХИН Чиний бороо тосоон алга чинь Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм Чиний нар ичээсэн харц чинь Дөрвөн уулын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм Чи Одтой шөнөөр олж хараагүй од юм Чи Одоо хүртэо бодоод санаанд минь ороогүй шүлэг юм Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан Би чиний буух замаар чинь гэртээ харьж явсан Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимны модны цэцэг үнэртэж байсан Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан Анх харахдаа л би чамайг сарны охин гэж бодсон Гараас минь атгаж одоо л чамайг оллоо гэж хэлээгүй бол Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан Чи Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм Чи Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм Чиний сул асгасан үс чинь Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм Чиний сулхан инээсэн нүд чинь Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм. 1990.09.29