Friday, April 17, 2009

ШИНЭ ЭРИН РҮҮ ДАЛД УХААНААР НЭВТЭРНЭ


Баасан гариг. Ажлын сүүлийн өдөр тул амжуулах зүйлс ихтэй. Уржигдар “Өдрийн сонин”оос нэгэн ярилцлага уншаад ихэд таалагдаж, тэнд дурдсан лекцийн зарыг тэмдэглэж орхисоноо саналаа. Тиймээ, үүнийг сонсоё гэж шийдээд билет захиалгын газар руу залгатал хэдийнэ дууссан байлаа. Болох газрын үүднээс олдож магадгүй хэмээн санан такси хөлөглөн хотын баруун тийш хөдөллөө. Хаврын налгар өдрүүдийн бүлээн салхи, оройн наран удаанаас удаан жаргаж байлаа. Манайд “Улаанбаатар” гэсэн нэр хаяг олон байх. Тэдний нэгэн болох Улаанбаатар паласийн үүдэнд хүрч очвоос бөөн хүмүүс дугаарлажээ. Арваад минут дутуу байхад шүү. Билет олддог л байгаа даа гэсээр хаалга руу дөхтөл хоёр залуу билетээ зарна гэж байна. Ийнхүү зорьж ирсэн хэрэг бүтэж, удсангүй хаалга нээгдэн хүмүүсээ оруулж эхлэв. Гурван мянган хүний суудалтай том танхим бараг дүүрчээ.

Тайзнаа “Шинэ эрин эзотерик” гүн ухаантан, эзотерикч Н.Сома” гэсэн том бичигтэй плакат бидний өөдөөс зурайна. Москвагийн их сургуулийг улаан дипломтой төгссөн гэх энэ бүсгүй далд ухаан судлалын талаар олон нийтлэл бичиж, ярилцлага өгч, эдүгээ Монголын Эзотерик Академийн тэргүүнээр ажиллаж байгаа гэнэ. Түүнийг шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн нээлтийг олон түмэнд мэдээлж, сонирхолтой яриагаар нь хүмүүс хэдийнээ мэдэх болжээ. Танхимд цугларсан хүмүүсийг ажихад нилээд нь залуу хүмүүс аж. Хүмүүс шинэ сэргэг зүйлд хошуурах нь жам юм даа. Гэхдээ өнөөгийн хатуу техникжсэн нийгмийн сонсох чих нь таглаатай болчихсон үед гайгүй сонор соргог хүмүүс ирсэн нь ойлгомжтой. Манайханы л гэм биш зан болчихсон тэр л ёсоор эхлэх цагаас хагас цагаар хоцорч тайзны хөшиг нээгдлээ. Шар пансан даашинзаар гоёсон Сома хатагтай тайзны голд гэрийн хоймор шиг цэгцтэй зассан суудал дээр заларлаа. Тэрээр лекцээ ямар ч оршил үггүйгээр эхлүүллээ. Танхим тэр чигээрээ амьсгаа даран чив чимээгүй анхааран сонсоно. Орчин үеийн сансар судлал олон сонирхолтой зүйл нээж байгаагийн заримаас дуулгалаа. Эрхэс оддын байнгын хөдөлгөөнтэй амьдрал түүний манай эх дэлхийд үзүүлж буй нөлөө. Энэ бол үнэхээр гариг ертөнцөд амьдрагч хэн бүхний сонирхохгүй байхын аргагүй сэдэв. Гагц хамаг учир нь хүн төрөлхтөн шинэ эриний өмнө ирээд байгаа тухай. Шинэ эриний хүмүүс төрөөд эхэлсэн бөгөөд 1984 оноос хойш нийт төрсөн хүүхдийн 90 хувь нь ДНКийн хувьд өөр, өвчин тэсвэрлэх хийгээд тархины ажиллагааны хувьд тэс өөр байгааг шинжлэх ухаан тогтоожээ. Тэгэхээр эрин зуун өөрчлөгдөх нь тодорхой боллоо. Шинэ эрин зуунд хүн төрөлхтөн хэрхэн зохицож, усталгүй оршин үлдэх вэ? Манай дэлхийн хамгаалагч бүрхүүл-давхрага цоороод гадаад ертөнцийн сайн муу зүйлс торолгүйгээр нэвтэрч, дэлхий болон хүмүүнд сөрөг нөлөө үзүүлж байна. Эх дэлхийгээ, хүн ардтайгаа аварч, хүмүүний амьдралын хамгийн гол зорилго болсон аз жаргалтай амар амгаланг буй болгоход хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болжээ. Энэ бол хүний сайн сайхан сэтгэлээ хөгжүүлж төгөлдөржүүлэх явдал гэнэ. Дэлхийн хүмүүс сайхан сэтгэлээ төгөлдөржүүлэн хөгжүүлж энергийн хамгаалалтаа сайжруулсанаар өөрсдийгөө төдийгүй эх дэлхийгээ элдэв хор хөнөөл, өвчин зовлонгоос гэтэлгэх боломжтой болох аж. Хүмүүст төрүүүлсэн уриа дуудлагын хураангуй нь:


Бурхан ухаан дах гэрлийн цэгээс

Бүх хүний ухаанд гэрэл цацран шингэх болтугай

Гэрэл дэлхий дээр залрах болтугай

Бурханы зүрхэн дэх хайрын цэгээс

Бүх хүний хайр цацран шингэх болтугай

Майдарын гэгээн дэлхий дээр залрах болтугай

Бурханы эрх зоригийг мэдэх төвөөс

Бүх хүний өчүүхэн зоригийг

Багш нар мэдэж зүтгэдэг зорилго чиглүүлэх болтугай

Хүн төрөлхтөн хэмээх төвөөс

Хайр ба гэрлийн төсөл хэрэгжиж

Хилэнцийн үүдийг лацдах болтугай

Гэрэл, хайр, хүчин чадал дэлхий дээр

Бурханы тааллыг сэргээн тогтнуулах болтугай.

Ум Ум Ум


гэсэн дуудлага тарниар тодорхойлогдох ажгуу.

Танхимаас гарч ирэх хүмүүсийн царай ер бусын гэрэлтэй харагдах нь энэхүү лекц уншлага сэтгэлийнх нь утасыг хөнджээ хэмээн бодогдоход хүргэж байлаа. Цуван гарах хүмүүсийн намуун урсгал дунд яруу найрагч Ломбын Нямаа гуайтай таарлаа. Ямархан сэтгэгдэлтэй байгааг лавлаваас “ Аргагүй л шинэ жинэхэнэ мэдээлэл өглөө. Хүн болгон зөвөөр ойлгож, зөв амьдрах хэрэгтэй юм байна даа” гээд ихэд бишрэнгүйгээр толгойгоо сэгсрэнэ. Цаг хэдий орой болсон ч арван тавны тэргэл саран ахуй орчлонгийн жамыг хүүрнэн хавь орчныг гэрэлтүүлсээр авай.

О.Мөнхнаран


2009.04.10

Thursday, March 5, 2009

Данзангийн НЯМСҮРЭН /1947-2002/


ҮЗЭСГЭЛЭНТ ХАСАРВААНЬ МОД ЦЭЦЭГЛЭЭД

Үзэсгэлэнт хасарваань мод цэцэглээд

Өргөн дэлхийн чимэг бүрдээд байхад

Үдшийн сарны Гүмүда цэцэг шиг

Чи минь гэлээ

Өндөр газрын зэрэглээ урсаад

Өдрийн нар аяганд ороод

Мөнхийн зунаа уусаар байхад

Чин минь л даарлаа гэлээ.

Өмнөд нутгийн хөхөө ирээд

Өвөр арн ууланд цэнгээд байхад

Өнөө зуны сүүдэрт бадамласан лянхуа шиг

Чи минь даарлаа гэлээ.

Энэ л сайхан улирлын жимс бүрэн боловсроод

Энхэр зөөлөн царайд чинь туяа татаад байхад

Элчилгүй цөлийн тэнгэрийн хаяа дуудан ирсээр байхад

Эндээс би явнаа гэлээ

Ээж аавын хошуу нутаг сүүмийн хөхрөөд

Эргэн хурган үүлс буцаад байхад

Эр өвсний толгойг имрэн, имрэн

Эрээнцаваас бүүр явнаа гэлээ.

Чамайг даараад байнаа гэхээр

Шаргачин зээрийн арьсаар хучлаа.

Чамайг эндээс явнаа гэхээр

Шаргал талынхаа бүх өвсөөр чөдөр зангидлаа.

Чамайг даараад байнаа гэхээр

Шаргахан аязтай дуугаа би зохиолоо.

Чамайг эндээс явнаа гэхээр

Шанзны нэг утсыг тасалж шүлэглэлээ.

***

Өвдгийг тань дэрлэлээ, хонгор минь

Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ

Үсийг тань үнэрлэлээ, хонгор минь

Үүлэн уулын цэцэгс ингэж анхилдаг биз ээ

Гоо сайхан хөлийг тань үзлээ, хонгор минь

Гол ус ийм намуухан урсдаг биз ээ

Гоц хасын ялгарах сарны гэрэл дунд тэгээд

Гойд амтлаг улаан нэг лийр боловсордог биз дээ

Эрдэнийн хоёр товчоор тань эрхэллээ, хонгор минь

Илчит наран бөмбөрцөг ийм халуун байдаг биз ээ

Ээрэм талын чөлөө рүү тэгтэл хоёр амьтан цахилвай

Энэ хоёр бодвол Эрээнцавын минь чандага буй заа

Ууц бэлхүүсийн тань тэвэрлээ хонгор минь

Усны гүндээ загас ийм эвтэй байдаг биз ээ

Уяхан булбарай уруулыг тань шимлээ, хонгор минь

Улаалзганын шимүүстэй дарс ийм амттай байдаг биз ээ

Шүдний хэвийг эгэм хоолойд тань үлдээлээ, хонгор минь

Шүрэн ундрамт зүүлтэн чимэг гэж байдаг даа

Усан үзмийн хүрэн хүйсний тань хилийг давлаа

Урьд Дарьгангын алтан харгана ийм үйстэй дээ

Хурц хумс тань цээжин дээр алмааз адил зурлаа

Хулсхан биеийн тань хүслийг яаж номхотгох вэ?

Заримдаа зүүдний саарал манан үзэгддэг

Залуухан, тэр охин чоно ямар учиртай юм бол?

Өвдгийг тань дэрлэлээ, хонгор минь

Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ

1999-11-07-09 Эрээнцэв

Ламжавын МЯГМАРСҮРЭН (1954)

БОЛОР ЧУЛУУНД ТУССАН САРНЫ ГЭРЭЛ




Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч

Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан

Цонхны чинь доор тамхи татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйтай нөхцөн алдарнам.



Чиний инээд үдшийн агаараар улаалан ирж

Миний сэрэхүй бүхнийг гижигдэн эрхлэнэ.

Чиний инээдний сайханд өрөөний чинь цонх ч

Өөрийн эрхгүй баясан мишээх шиг санагдана.

Чамайг элэгдэшгүй хайраараа өлгийдөн тэвэрч

Чанга шингэн инээдээр чинь зүрхээ тэжээн ханьсана.



Чиний инээдийг салхинаас булаан, газарт хүргэлгүй

Зүрхэндээ тосон авч, сэтгэлийнхээ хөрсөнд цацлаа.

Чанад итгэлээ өвөртлөн, үдшийн гэгээг уяртал

Чамайг бодлоороо энхрийлэн дурлалыг амталлаа.

Энэхэн биений минь эснээс нэг нэгээр нь тээн

Эргэлтгүй одох цагийг үрснээ би цагаатгалаа.



Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч

Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан

Цонхны чинь доор тамхи татан татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйтай нөхцөн алдарнам



1977 он.

Д.Баттогтох /1967-1994/

САРНЫ ОХИН

Чиний бороо тосоон алга чинь

Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм

Чиний нар ичээсэн харц чинь

Дөрвөн уулын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм

Чи

Одтой шөнөөр олж хараагүй од юм

Чи

Одоо хүртэо бодоод санаанд минь ороогүй шүлэг юм

Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан

Би чиний буух замаар чинь гэртээ харьж явсан

Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж

Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимны модны цэцэг үнэртэж байсан

Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан

Анх харахдаа л би чамайг сарны охин гэж бодсон

Гараас минь атгаж одоо л чамайг оллоо гэж хэлээгүй бол

Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан

Чи

Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм

Чи

Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм

Чиний сул асгасан үс чинь

Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм

Чиний сулхан инээсэн нүд чинь

Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм.

1990.09.29

В.Гёте /1749-1832/

ШӨНИЙН ГИЙЧНИЙ ДУУ


Одоо яг шөнө дунд болж байна

Онгод орж ирээд бичихээс яах вэ?

Ооч юм ч уух хүсэл уул нь алга, байтал

Охь дарс хундаглаад Таньд баръя гэлээ,

Хэдийгээр чи намайг та гэж хүндэтгэх авч

Хэнхдэг чанаддаа хэн гэж байгааг чинь мэдэж байна

Сэтгэл булаам бүсгүй минь чи, хундагаа дүүргэ дээ

Сэлүүн холд би чамайг дурсаж явъяа даа,

Одоо яг миний юу бодож суугааг

Ойлгох биш дээ, чи минь ч бас!


Г.Мэнд-Ооёогийн орчуулга

Дү Фү /712-770

САРТАЙ ШӨНӨ


Саран саруулхан энэ үдэш, Фу жоу-д агч эхнэр минь

Санаа алдан цонхоор ширтэж суугаа нь лав.

Сэтгэлээс гардаггүй хэдэн үрс минь дэргэд нь

Чан аньд хоригдсон намайг хамтдаан үгүйлж байгаа нь лав.

Санчигны нь үсээр салхи наадан сэвэлзүүлж байгаа нь лав

Сайхан дал мөр чинь үдшийн жихүүнд дагжиж байгаа нь лав.

Хэзээ нэг бидэн хоёул учирч, хамтдаан сарыг бараалах билээ?

Хацар даган бөмбөрөх нулимс, сарны туяанд хатах бол уу? үгүй бол уу?


Я.Ганбаатарын орчуулга

ЖЕОФФРЕЙ ЧОСЕР /Англи/

Жеоффрей Чосерийг Шекспирээс өмнөх үеийн Английн агуу их яруу найрагч хэмээн нийтээр хүндэтгэн хүлээн зөвшөөрчээ.Гэнэн залуу хархүү хайрлаж дурласан бүсгүйнхээ гоо үзэсгэлэнгийн өмнө арчаагүй болхи байдалд орж болдгийг дүрслэхдээ шүлгийнхээ айзам хэмнэл, дахилт давталтыг эхний болоод сүүлчийн бадгуудад солбиж оруулсан нь сонин ажээ.

ХҮНИЙГ ҮЛ ӨРӨВДӨГЧ ГОО ҮЗЭСГЭЛЭН

Зөрөөд өнгөрөхийн зуур харцнаас чинь би дальдарч
Зүйргүй хөөрхөн нүдэнд чинь арга ч үгүй автах юмаа
Зүрхээн би хөөрхий, зүсүүлээд л үлдэх юмаа.

Гэнэн балчир зүрхийг минь гоо бүсгүй чи
Гэнэт шархлуулдаг шигээ гэнэт бас эдгээж магадгүй.
Зөрөөд өнгөрөхийн зуур харцнаас чинь би дальдарч
Зүйргүй хөөрхөн нүдэнд чинь арга ч үгүй автах юмаа

Үхэл амьдрал хоёрын минь эзэн хатан чи
Үнэн зүрхний үгийг минь сонсох юмаа гэвэл
Үхтлээ дурласан сэтгэлийг өнгийж харах л байх даа,
Зөрөөд өнгөрөхийн зуур харцнаас чинь би дальдарч
Зүйргүй хөөрхөн нүдэнд чинь арга ч үгүй автах юмаа
Зүрхээн би хөөрхий, зүсүүлээд л үлдэх юмаа.


Д.БЯМБАА англи хэлнээс орчуулав

Д.НАЦАГДОРЖ 1906-1937/


НУУЦ ЯНАГ

Хуралдсан олны дунд учирмагц

Дөрвөн нүд эсрэг ширтэлцэж

Хоёр сэтгэлийн дотор нэг зэргээр

Зул гэрэлтэж байгааг хэн мэднэ

Хожим өдөр гүн ойн дунд учирч,

Сэтгэл зүрхийг хангахад

Гагцхүү хажуугийн цэцэг үзэж

Бид хоёрын зүг инээмсэглэнэ.

Эгшин зуур боловч,

Түмэнтээ бодогдох бөгөөд

Хэзээ ба хаана гэж,

Өчүүхэн зүрх нь өвдөнө.

Хоёр бие хэдийгээр

Эрх чөлөөгүй боловч,

Сэтгэл зүрх нь хэзээд

Нэг савны дотор хосолно.


1930 он

Б.ЯВУУХУЛАН



МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ

Зорин ирэх амрагаа хүлээхэд

Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж

Шөнийн чимээгүй гадаа налайн

Унийн углуургаар саран гэрэлтэнэ.

Өнчин дэрэн дээр нойр хулжсан

Ухаангүй дурлалын урхинд байхад

Мөнгөн хазаарын бүдэг чимээ

Онгон зүрхийг цочоон баясгана.

1959 он

АМОРЭ

Аморэ, Амрэ, амрагхан Аморэ

Алс Сорентод бид уулзаагүй ээ, Аморэ!

Дуулим тал нутагтаа байж би, Аморэ,

Дурлалын чинь дууг сонссон юм, Аморэ!

Хараацайн даль шиг хөмсөг чинь, Аморэ!

Харагдах шиг болсон юм, над Аморэ!

Харын нүдний чинь талимаарал, Аморэ!

Хайлуулчих шиг болсон юм, намайг Аморэ!

Зугаатай уяхан хоолойнд чинь Аморэ,

Зуун настан ч залуужна бий, Аморэ!

Мөнх сарьдаг хүйтэн уулын чиг, Аморэ,

Мөст магнай нь хөлөрнө бий, Аморэ!

Аль чиг хүний сэтгэл бол, Аморэ,

Арслангийн бяртай хүчтэн юм, Аморэ!

Хайрын дууны өмнө болохоор л, Аморэ,

Хайлсан тугалга шиг уяхан юм, Аморэ!

Аморэ, Амрэ, амрагхан Аморэ

Алс Сорентод би байгаагүй ээ, Аморэ!

Дуулим тал нутгаасаа би чамд, Аморэ!

Дурлалын дуугаа дуулж байна, Аморэ!

Аморэ, Аморэ, амрагхан Аморэ!

1961 он

Monday, March 2, 2009

Хайрын номын сангийн учир




“Аргагүй амраг” хайрын шүлгийн антологийг эмхэтгэгчийн үг


Эцэг тэнгэрээс үүдэж эхийн хэвлийгээс мэндэлж, нарт хорвоогийн тоост амьдралд өрнөх хүмүүний амьдрал магадгүй бүхэлдээ хайрын түүх байх. Элбэрэлт эхийн агуу хайрыг эхэлж амсан мэдэрч эхэлснээс гэр бүл, ахан дүүс, анд нөхөд, янаг амрагийн гээд хайрын дунд хүмүүний амьдрал үргэлжилнэ.

Гагцхүү их хайрынхаа туульсийг дуулж үлдээдэг нь уран бүтээлчид, тэр дундаа яруу найрагчдын зүрх сэтгэлийн дуудлага буюу. Тэд амьдралынхаа алтан сайхан агшин, амтат цэнгэл, амсаагүй жаргал, өнгөрсөн учралаа өөрийн үгээр, сэтгэлийн бичээс болгон үлдээж хожмын хэн нэгнийг уншихад хамрын самсаа шархирч, нүдний нулимс бүрэлзэж, зүрх хөндүүрлэж, чих шуугиж, алмайрч, догдолж, бахархаж, шагшин дуурьсана. Хувь хүний шинж бүхэн өөр өөр байдаг шиг хүн болгоны хайр дурлал, учрал бүхэн өөр өөрийн өнгө аястай давтагдашгүй түүх, дурсамж, шаналал, тайтгарал үлдээдэг. Хайр амссан зүрх сэтгэл ямагт дулаахан байж, хавь орчиндоо жаргалын туяа гялбуулж, орчлон тэр чигээрээ гэрэл ба солонго мэт харагдана. Дурласан хүний нүдээр орчлон ертөнц ямархан сайхан үзэмж төгс, ямархан сайхан аялгуутай, ямархан анхилам болохыг мэдэрнэм.

Яруу найрагчийг, магадгүй өөрийг нь хамгийн ихээр илэрхийлэн гаргадаг, хайрын шүлгүүдээс нь сонгон энэхүү антологиийг хийсэн маань хайрын дурсамж, шаналал, бахархал, гуниглалаар нэгэн зэрэг амьсгалж, тэдгээрийн гэгээн түүх, гэрэлт агшныг мэдрэх бололцоог олгохыг хүссэн нь билээ.

Дэлхийн улс орнуудад хайрын шүлгийн антолог олноороо хэдэн зуун мянга, сая саяар хэвлэгдэж уншигчдын сэтгэлийн цангааг тайлдаг. “Хайрын шилдэг шүлгүүд”, “Хайрын 100 шүлэг” гэх мэт маш олон түүвэр антолог сонгомолууд байдаг. Хэдэн жилийн өмнө “Бүх цаг үеийн хайрын 100 шилдэг шүлэг” нэртэй Америкт хэвлэгдсэн ном бэлгэнд авч билээ. Энэ ном гаднаасаа, бас нэрнээсээ, учир утгаасаа бүх талаараа гойд сайхан сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд тэр цагаас ширээний минь ном болсон. Ийм номыг монгол хэлнээ гаргавал хүмүүст хэрэгтэй юм даа гэсэн бодол төрж оюутан ахуй үеэсээ тэмдэглэлийн дэвтэрт бичиж, уншиж, цээжилж байсан шүлгүүдээ арвижуулж өөрт таалагдсан болон олон хүмүүсийн таашаан уншиж байгаа хайрын шүлгүүдийг нэгэн хавтасанд цуглуулж эхэлсэн юм. Энэхүү санаагаа гүйцэлдүүлж хэн нэгэндээ сэтгэлээсээ өгөх үнэт бэлэг нь байгаасай хэмээн, бас бэлэглэгч хүний сэтгэлийг ч бас ариуханаар илэрхийлэх болов уу гэж бодсон.

Хүмүүний хамгийн нандин бүхний охь дээж болсон хайрын шүлгийг өсвөр залуусаас эхлэн, нас тогтсон хийгээд өвгөд эмгэд хэн ч уншсан сэтгэлийн гэрэл гэгээ, хайрын халуун илч, хүсэл мөрөөдлийн оргилсон тэмүүлэлтэй учирна. Хайр бол хүн байхын хамгийн үнэт чанар юм. Хайрын өглөг бол дээд өглөг юм. В.Хюго “Амьдрал бол цэцэг, хайр дурлал бол түүнээс гарах бал бурам юм” гэжээ. Хайрын тухай бичээгүй, дуулаагүй яруу найрагч гэж байдаггүй болов уу. Тийм болохоор энэ номонд тив дэлхийн олон суу билигт яруу найрагчдын бүтээлээс орж байна. Хайр дурлал, хүний сэтгэлийн хамгийн нарийн чавхдасанд эгшиглэдэг учраас янаг амрагийн дууллыг орчуулах нь хамгийн хэцүү байдаг бололтой. Ийм учир шалтгаанаар хайрын шүлгийг шимтэн олох, шилмэл орчуулгыг шилэн сонгох нь бэрх ажил юмаа. Одоо хүртэл манайд орчуулагдсан хайрын шүлгүүдээс эмхэтгэгчийн өөрийн сонголтоор номын цогц бүтцэнд оруулсан бөгөөд олон шилмэл орчуулгыг олж чадаагүйд хүлцэл өчье. Орчуулгаа оруулсан бүх мэргэн гүүш нартаа талархаж буйгаа өчихийн хамт орчуулга нь энд ороогүй гүүш нараас уучлалт гуймой. VI Далай лам Цанъянжамцын “Янагийн дуулал” бүтээлийн орчуулга бол манай соёлын эрдэнэсийн санд орох шижир алтан эрдэнэ билээ. Манай нэрт орчуулагч, яруу найрагч Дамдины Бямбаа гуай тухайлан энэ номд зориулж Ж.Чосер, Р.Фрост, В.Шекспир, Кристина Розэтти нарын шүлгүүдийг нэн уран чадварлагаар орчуулж өгсөнд гүнээ талархнам. Монголын үе үеийн гарамгай яруу найрагчид болон орчуулагчид Б.Явуухулан, М.Цэдэндорж, Ж.Чойнхор, Х.Мэргэн, Ж.Бадраа, С.Дондог, Ц.Базаррагчаа, Ш.Сүрэнжав, Д.Болдбаатар, Я.Ганбаатар, Л.Дашням, М.Шагдарсүрэн, Б.Магсаржав, Г.Мэнд-Ооёо, Ж.Оюунцэцэг, А.Баасандорж, С.Хишигсүрэн нарын орчуулгууд энэ номд хүндтэй байр эзэлж байгаад баярлаж бахархаж буйгаа дурдсу.

Монгол ардын дуу бол хайр сэтгэлийн яруу найргийн агуу гайхамшигт сан хөмрөг юмаа гэдгийг энэхүү номыг эмхэтгэх ялдамдаа олж мэдлээ.

Монголын яруу найраг хайрын дууллаар нэн баялаг ажээ. Тэр дундаа Д.Нацагдорж, Б.Явуухулан, М.Цэдэндорж, Д.Пүрэвдорж, Д.Гомбожав, Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Р.Чойном, О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Л.Мягмарсүрэн, Д.Нямсүрэнгийн яруу найраг дахь хайр сэтгэлийн дуулал нэн уянгалаг, эевэргүү зөөлөн, нигүүлсэл энэрэлээр дүүрэн бөгөөд үг аялгууны зохист барилдлага, гүн сэтгэлгээний чинад нууц руу нэвтэрсэн нь нэн гайхалтай. Монголын яруу найргийн шинэ үеийн буюу XXI зууны утга зохиолын гол төлөөлөгчид болох Ц.Бавуудорж, Л.Өлзийтөгс, Р.Эмүжин, А.Эрдэнэ-Очир, Л.Батцэнгэл зэрэг яруу найрагчид болон цэл залуугаараа хорвоог орхисон Ш.Уянга, Д.Баттогтох, Ч.Ууганбаяр, Т.Содномнамжил нарын хайрын гэрэлт дуулал мөн энэ номыг улам баяжуулсан билээ.

Өрнө дорно, тив дэлхийн өнцөг булан бүрд нутагтай яруу найрагчдын хайрын бүх дуулал аялгуу нийлээд хайрын нэгэн их симфони найраглал болох буюу.

Монголын олон билигт яруу найрагчдын хайрын шүлгүүдийн охийг бүрэн цогцлоож чадаагүйдээ гэмшихийн хамт дараачийн хэвлэлүүдэд улам баяжуулан, чанаржуулна гэдгээ баяртайгаар өчсү. Монгол эх орныхоо ном эрдэнийн сан хөмрөгт “Хайрын номын сан” хэмээх эрдэнэсийн нэгэн цогцлолыг буй болгоё гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийн минь эхний оролдого энэ билээ. Хайрын дуулал дундаршгүй бөгөөд шавхагдашгүй болохоор цаашид улам сайжруулан, нэмэн баяжуулан гаргах болно. Уншиж болгоосон та бээр ухвар гэндүү болсныг минь илчлэн хэлж хойшдын бүтээлд минь сэрэмж санамж өгнө гэдэгт мэргэн уншигч нартаа итгэмүй.

О.Мөнхнаран

2009.02.04

Saturday, November 1, 2008

Гол өндрийн тэнгэр буюу Зотол Хан


Зуны дэлгэр цагт нутагтаа бараалсангүй гурван жил шахам болсон миний хувьд энэ зуны аялал нэг л ер бусын байлаа.
Ер нь би нутагтаа очих болгондоо л нэг ийм мэдрэмж эн тэргүүнд тээдэг дээ.
Хүсэл дуудах салхи минь,
Хүй цөглөсөн тал минь,
Хөлд орсон шороо минь,
Хагацахын аргагүй нутаг минь болохоор тэр юм болов уу даа.

Аав ээжтэйгээ уулзаж нялхараад оройн наранд сууж ахуйдаа энэ жил Бүдүүн овоондоо мөргөхөөр явцгаая гэж уриаллаа. Бүгд л миний саналыг дуун дээр нь хүлээн авч, аав минь шатахуунаа бэлдэж, ээж минь Овоонд өргөх идээний дээжээ зэхлээ. Бидний Бүдүүн овоо хэмээн цээрлэн дуудах овоо бол далайн төвшинөөс дээш 1425 метр өндөр дөрөвдөгч галавын үед оргилж байгаад унтарсан, эртний сүлдэн их тахилгат Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол Хан Уул юм.

Эрхт сод Богдоос янагш алтан ургийн ураг дор хүртэл
Түмний тэрхүү мянганы эх болсон эзэд хаад, ноёд
Түшмэл, ард бид бүгдээр энх амгалан жаргах болтугай
Эрэл сурал үгүй амар тайван жаргатугай хэмээн “Онгон Зотол ханы сан” хэмээх сударт өгүүлнэ.

Овоондоо очно гэхээр нэг л нойр хүрэх янзгүй. Задгай хашаан дотроо шөнийн ододтой ярилцсан шиг алхсаар үүрийн цолмон гарангуут л гэрийхэнээ сэрээгээд аялалдаа гарлаа. Наран мандахыг Овооныхоо энгэрээс үзэх гэж яарсан хэрэг л дээ. Ийнхүү бид сумаас баруун хойшоо гарч Хулстайн гол өгсөж овооны замаар давхисаар наран ургахад Овооныхоо наад энгэр Найрын дов дээр саяхан барьсан, шинэхэн суварганы дэргэд хүрээд очлоо. Урьд хатагин гурван хошууны дээдэс, мяндагтанууд хийгээд Егүзэр хутагт өөрөө морилон саатаж найр наадмаа дэглэж асан өлгий. Өглөө эрт овоо ууландаа гарч, сан утлагаа тавиад, энэ дов дээр ирж өргөн олноороо морио уралдуулж, бөхөө барилдуулж нааддаг байжээ. Эцэг дээдсийн минь заларсан өлгийн хэмээн сүсэглэдэг манай нутгийн мэргэн ах Сумъяагийн Амартайван энэ жилийн зуны эхэн сарын тахилгаар энэхүү бодь суврагыг босгож, бурхан хутагтууд минь эргэн залрахын ерөөл талбижээ. Ерөөл бат сайхан оршиж өлгий нутагт минь өвгөд минь эргэн заларч хайрла.

Айлын газраас бараа нь сүндэрлээд, энгэр бэлдээ өөрийнхөө уран бүтээлийг тойруулаад манай нутгийн ноён уул Зотол Хаан Уул биднийг угтлаа. Уул минь өндөлзөн угтлаа, бид бөхөлзөн мэндчиллээ. Энэ бол тийм гэж хэлэхээргүй тийм нандин золголт байлаа. Барааны газраас л аав минь манай овоо үнэхээр чамин шүү хар даа, цэлийсэн талд босгосон пирамид шиг гээд л уулга алдаж байна. Уул ус байгаль үргэлж хүмүүн бидний сэтгэлийг утасыг хөндөн бие хэл сэтгэлийг уяруулан баясуулдаг билээ. Харин хажуу бэлд нь ирээд аав маань нэг л дуу шуугүй. Тэр жил надад овооны дэргэд нэрийг нь хэлдэггүй ёстой юм шүү гэж хэлж байсныг нь саналаа. Манай овооны зүүн энгэрт нь өөрөөсөө тасадсан үр гэлтэй хотгор хүнхэрийг нь хүртэл дууриасан бага овоо бий. Овоо уул өөрийгөө урлан бүтээхдээ ийм уран бөлгөө. Үрт амьтан, үндэст ургамал л өөрөөсөө адилыг төрүүлдэг дээ яг л тийм зохилдолго бөлгөө. Мөн уул өөрийгөө бүтээж, өөрийгөө шүтэх жаягийг бүтээдэг гэлтэй. Овоондоо очсон хүн шууд овооны орой руу гүйгээд гарчихгүй. Эхлээд унаа морьноосоо бууж сангийн бойпорт арц хүжээ уугиулна. Дараа нь эхийн агуйгаар орно. Энэ агуй яг эх хүний умай шиг бүтэцтэй бөгөөд эндээс хүн эхээс анх хэрхэн мэндэлсэн шигээ толгойгоороо гарч ирнэ. Өөрөөр гарах бололцоо байхгүй. Манай отгон дүү Цацаанаа маань урт чацтай өндөр болохоор гарах гэж нэлээд юм боллоо. Бид түүнийг чи дахиад өсвөл эхийн агуйгаас гарч чадахгүй юм байна гэж цаашлуулж явлаа. Ингэж эхээс шинээр дахин төрж, хир буртагаа ариутган, шинэ хүн болоод овоогоо нар зөв тойрохдоо Дэрсэн үүд, Майхан хад зэрэг манай овооноос тэсэрч тогтосон хад агуйгаар дайрч гороолсоор Яам хадан дээр очно. Биднийг Майхан хадан очиход тэнд нутгийн хоёр залуу нилээд эрт овоондоо гарчихаад жаахан хэвтсэн чинь дугхийчихэжээ гээд морьтойгоо байж байна. Бараг дөчөөд хүн багтдаг юм гэнэ. Үүрээр овоондоо гарчихаад агуйд нь унтчихаад босоод давхиад явах нь бас л нэг ер бусын байлаа. Дараа бүр нэг тавтай ирж овооныхоо бэлд, бүр майхан хад эсвэл дэрсэн үүдэнд нь хонож, цай чанаж ууя гэж бид ярилцлаа. Дараа жил хоёр дүүгээ амралтыг нь тааруулж авахуулаад гэрээрээ овоондоо ирж хоноё. “Зотолханы сан сацлын судар хэмээх монгол хүн монголоор машид хичээнгүйлэн бийрээр бичсэн онц сонирхолтой судар байдаг тухай сонссон бөгөөд дараа жил ирэхдээ тэр сударыг олж Овоондоо сан сацлыг өргөх үнэнхүү сэтгэл намайг эзэмдэж явлаа. Манай нутгийн нэрт эрдэмтэн О.Сүхбаатар гуай энэ талаар нэлээд судалж хэд хэдэн сангийн сударын тухай бичсэн нь буй. Яам хад хэмээх дөрвөлжин ширээ шиг энэ хаданд шинэ хүн маань бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл “зиндаа тогтоож” улмаар түүнийгээ баталгаажуулахад Тамга хад руу явуулна. Тэнд овоонд гарах зөвшөөрөлийн тамга даруулна. Дээд язгууртан хүн бүдүүн овоонд, доодос бага овоондоо гардаг байна. Уул усны тогтоц хийгээд хүмүүний ёс жаягийг уялдуулан зохиосон нь нэн гайхалтай. Очсон бүх овооныхоо орой руу хошуураад байвал юу болох сон билээ дээ. Найр наадмаа ч овооноосоо нилээд зайтай найрын дов дээр хийнэ. Манай бүдүүн овооны оройд хэдэн хайлаас найган ганхан байх нь үзэгдэнэ. Ламхай тарьсан юм гэнэ лээ. Дээр үед лам нар гарч ном уншдаг байж. Бодвол сүүдрэвч нь болдог байсан болов уу даа.

Ийнхүү овоогоо тойрч мөргөсөн бид буцах замаараа Уур чулуунд мөргөхөөр боллоо. Энэ нь цайны уур шиг нүхтэй цагаан чулуу Ханын голын урд ухаа дээр байна. Хавар намартаа нутгийхан цагаан идээнийхээ дээжийг өргөдөг гэнэ. Энэ чулуу үхэр өсгөдөг гэж ярьцгаадаг бөгөөд манай эгчийн 5 настай охин Бөлтүүш маань манай аав ээжийг олоон үхэртэй болгоорой хэмээн тойрч биднийг хөгжөөж явлаа. Уур чулууг эрдэнээ манаж байгаа овооны манаач гэж ээжийн багад хөгшид ярьдаг байжээ. Барааны газартаа манаачтай манай нутгийн бүдүүн овоо Зотол буюу Сүр жавхлант цог бадрах уул юмаа. Зотол нэрийг орчуулбаас Цо-То-Лха буюу Гол өндрийн Тэнгэр хэмээх утгыг илэрхийлнэ. Утгачилбаас манай уул гучин гурван тэнгэрийн голд сүндэрлэх ноёнлог уул ажгуу. Уул минь, овоо минь, хайрхан минь унасан үр хүүхэд биднийгээ ургийн урагт тэтгэж ум сайн амгалан болтугай.

Ду ноён овгийн Ооёогийн Мөнхнаран 2008.08.28

Sunday, April 27, 2008

Яруу найрагч шүлгэндээ оршихуй буюу Данзангийн Нямсүрэн

Яруу найрагч, зохиолчид уран бүтээлээрээ өөрийн эзгүйд ч хүмүүстэй уулзан, ярилцаж ухаан бодлоо солилцон амьдрах бөлгөө. Гэхдээ хүн болгон бас тэгэж амьдарч чаддаггүй. Хэн өөрийн шүлэг зохиолдоо өөрөө гүн нарийн дотоод сэтгэлээрээ оршиж чадсан байна, тэр хүн ингэж эрин зуунд “үргэлж мөнх өдөр”тэй амьдрах бөлгөө.

Зарим шүлэг тухайн цаг үедээ алдаршаад, аажмаар яруу найргийн уншилтын тайзыг орхин цаг үетэйгээ үлддэг байхад харин зарим шүлэг цагийн цагт нар лугаа мандаж, цэцэг лүгээ дэлгэрч өөр өөр цагийн уншигчдын сэрэл мэдрэмжийг хөглөн дуулсаар байдаг билээ.
О.Дашбалбар нэгэнтээ “яруу найраг бол зан төрх, зан төрх нь шүлгэнээс нь мэдрэгдэж байвал тэр жинхэнэ яруу найрагч. Тийм яруу найрагч монгол цөөхөн дөө” гэж хэлсэн байна. Энэ цөөн хүний нэг бол яахын аргагүй түүний өөрийнх нь багш, дорнын их найрагч Нямсүрэн юм.
Зөөлөн өвс үүрэндээ зөөх
Шувуу шиг
Зүрх сэтгэлийнхээ уй баярыг
Хүмүүст нэг, нэгээр өгнө.
Тиймээ тэрээр их өглөгч хүн байсан гэдэг. Зүрх сэтгэлийнхээ уй баярыг хүртэл хүмүүс бидэнд нэг нэгээр нь өгсөн.
Сайхан өвгөдөө нутаглуулсан
Сахлаг өвстэй тэр нэг жаахан жалгыг ч
Сансрын хөлгийн буудал шиг
Саруул төгөлдөр байлгана. /Эргээд ирэхэд-Хаврын урсгал 12х/
хэмээн тэрээр өөрийн яруу найргийнхаа зорилгыг гэгээн тунгалаар тодорхойлж, Өөртөө биш хүмүүст бичдэг болохоор Шүлэг гэдэг, дээл оёохоос хэцүү /1979 Хаврын урсгал-* хэмээн өөрийн насан туршийн ажил болох Шүлэг бичих ажилынхаа үнэ цэнэ, хүнд хүчирийг өгүүлжээ.
Мөн тэрээр билэг авъяаст, зөнч яруу найрагчийнхаа хувьд өөрийн шүлгийг өөрөөсөө хойш оршихыг мэдэж үүнийгээ бас л шүлгэндээ үлдээсэн байх юм.
Өөрөөн шүлэг минь миний эзгүйд
Өнийн гал шувууны зүрхийг ноцоож
Өнгө зүсээ хадгалж яваарай. гэж, бас
Өтлөхийн цаг дор шүлэг минь
Хувилгаан чанарт шилжиж
Өнгө өнгийн цэцэгс болон дэлгэрээд
Өвсний шүүдрээр хөл нүцгэн явах бүсгүйн
Өлмийд үнэрээ хадгалах болно.
Тэр цагт манайхан, намайг
Тэмээний нулимсанд бийрээ дүрж
Тэлмэн давхих морины гүйдэл дунд
Тэнгэр дээр шүлгээ бичиж явсаныг мэдэх болно. 1998 –“Аглагхан талаасаа”-65х
хэмээсэн нь өөртөө итгэсэн гүн бат итгэл, ирээдүйн хөгжилд мөнхрөх яруу найргийнхаа хожмын амьдралыг зөгнөсөн ажгуу.

Тэрээр бүхнийг гэгээн тунгалаар хардаг байжээ. “Гэгээн өглөөний тунгалаг шүлгэнд минь байх вий” хэмээн бичсэн түүний шүлгээс ямарваа нэгэн атаа хорсол, муулчлалыг сүүдэр өчүүхэнийг ч олж эс харна. Амьдралынхаа алдаа ухааралыг хүртэл энгийн сайхнаар хэлсэн байх ажээ.
Ирэх цаг сайхан болж
Эх орон минь агуу болно.
Эгшиг дууны минь аялгуу бүхэн
Илбэх үсний тань оюу болно. /Сэтгэлийн байгаль-20х/
Эгэл нүдээр эс анзаарах зүйлсийг анзаарах, улмаар түүний энгүй мөн чанарыг ургуулан бодож мэдрэх, тэгээд түүнийгээ энгүй тансагаар илэрхийлэн гаргах бол түүний төрөлхийн авъяас. Нэгэнтээ дорно дахины нэрт дуун ухаантан Жамьянгарав “Үгээр илэрхийлж, дүрсээр сэтгэшгүй үйл явдал гэж байх үгүй” хэмээсэн байна. Нямсүрэнгийн амьдралд үгээр илэрхийлэгдэж, дүрээр буугаагүй үйл явдал үлдээгүй байх гэж бодогдоно. Авгай аваад аавдаа ирж золгохгүй байгаа дүү нь, айлын найран дээр гангар шаазан хагартал дуулах айлын буурин дээр ар бөөрөөрөө хэвтэх хуучин зуух, уйлагнасан бороо, онгон цэнхэр хөдөө, өргөст өвс хэмээх зангуу, бөрт цагаан саран, сар хиртсэн шөнө, уугаад орхисон архины цэнхэр лонх,,,,, Эгэл юмсаас юуг ч орхилгүй бичсэн мэт.
Түлээний, Муу цүзгэр хөрөө маань хүртэл
Цөөрмийн усны лам шувуу шиг
Ганганан байгааг ээ…

Тэрээр өөрийн дотоод сэтгэлээ бүрэн цогцоор нь шүлгэндээ оршоожээ. Үүрийн гэгээнээс үдшийн бүрийд дэнлүүний тос дуусах хүртэлх түүний амьдралын агшин хором бүхэн алдаа оноотойгоо шүлгэнд нь оршиж амьд үлдсэн байдаг.
Атганд хумигдсан шүлэгтэй цаас
Аяар аяархан санаа алдана…

Бурхан бүтээхэд эхлээд тиг зурах лугаа адил, түүний яруу найргаа урлах гүн нарийн туурвилынх нь тиг нь гэмээр нэгэн бүтээл бол 1992 онд бичсэн Амитаба хэмээх шүлэг нь юм.
Яаж би, Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би, Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би, Амитаба шиг үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би, Амитаба шиг үхэл гэгч амьдаасаа илүү агуулгатайг мэдрэх вэ?
Яаж би, Амитаба шиг дэнгийн гол руу эрвээхэй үйхэд жишимгүй байх вэ?
Яаж би, Амитаба шиг дэргэдээ ээжгүй болоход уйлахгүй суух вэ?
Яаж би, Амитаба шиг нэг цэцэг, нэг зөгийг хөнөөдөгийг мэдэх вэ?
Яаж би, Амитаба шиг нэг шүлэг, нэг шүлгийг үрдэгийг ойлгох вэ?
Яаж би, Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнцийг таних
Яаж би, Амитаба шиг орон цаг, өөрийгөө үгүйг ухаарах…

Ертөнцийн дотоод зүй тогтолыг бясалган таньж, өчүүхэн юм бүхнээс ангижирсан найрагч болох нь бас энэ шүлгээс тод харагддаг. Өөрөөр хэлбэл оршихуйн мөн чанарыг энэ найрагч танин мэдсэн байжээ. Жинэхэнэ яруу найраг бол цаг хугацаа, орон зайн хэмжигдэхүүнээс ямагт ангид оршдог бөгөөд Данзангийн Нямсүрэнгийн шүлгүүд ч гэсэн эдгээрээс тусдаа, тэр бүү хэл аливаа баригдмал үзэл онолд ч хүлэгдэлгүй, хязгааргүй эрх -чөлөөтэй туурвисан бүтээлүүд болох нь мэдрэгддэнэ.

Дорно дахины яруу найргийн онолд яруу уянгын чанарыг илэрхийлдэг Эвсэл найралт, Маш тунгалаг, Тэгш чанарт, Яруу сонсголонт, Орь залуу, Утга тодорхой, Агуу их, Сүр жавхлант, Уран сэтгэмжит эдгээр 10 эрдэм буй хэмээжээ. Нямсүрэнгийн шүлгүүдийг утгын гүнзгийгээс гүнзийрэл рүү, үгээс үг рүү нь лавшруулан судлавал эдгээр чанарууд цугаараа тодорон харагдах нь лавтай.
Ийнхүү тэрээр өөрийн бүтээсэн яруу найргийн урлалаараа Үргэлж мөнх, Үргэлж залуу өдрүүдийг үзэж өнөд орших болно.


О.Мөнхнаран 2007.04.20

Thursday, April 17, 2008

ГЭГЭЭНЭЭР БVТСЭН ЭРДЭНЭЦАГААН

Манай заставын хашаанд эхээсээ төөрсөн нэгэн цоохондой ороод ирсэн байлаа. Амьтны нялх зулзага гээд ээж маань сvv өгч манайд хэд хоног байсан юм. Янз нь эхээсээ төөрөөд ийш тийш дэмий давхисаар нэлээд ядарсан бололтой. Сvv уугаад унтаад өглөө. Хэрзгэр нарийхан туяхан хөлтэй. Биен дээрээ баахан цоохор толботой. Том хар нvдтэй амьтан. Ингэж би анх удаа бугын илийг ойроос харсан минь энэ. Лхачинвандад уулын зvгээс агь гангын vнэртэй зөөлөн салхи сангийн утлага мэт сэвэлзэнэ. Өглөө эрт буга урамдах ер бусын сайхан дуу намайг сэрээнэ. Энэ дуу Бугын булгийн тэн­дээс сонсдоно. Буга гэдэг амьтан бас хаа хамаагvй олдсон усаа уудаггvй гэнэ. Эндхийн буганууд ганцхан тэр булгаас ундаална. Манай хутагт эрдэнийн vрэл хийж адисласан ус. Энэ бол алс тэртээх зvvн хязгаарын манаа, миний төрсөн нутаг Шовдол булгийн застав.

Монгол орны зvvн хязгаар гэхээр Хатигиний их хээр тал, Мэнэнгийн талын хаяа хязгааргvй цэнхэр алс санаанд бууна. Гэхдээ л тэнд буга урамддаг. Зарим хvмvvс гайхаж байж болох юм аа. Аргагvй ээ. Талд хэзээ буга байлаа? Хангай бол байхсан гэх. Энэхvv буга урамдсан тал бол Сэцэн Хан аймгийн хурц ван Тvвдэнгийн хошуу одоогийн Сvхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг. Тэнд урамдах буга нь манай Егvзэр хутагтын өсгөн vржvvлж идээшин дасгасан буган сvргийн удам. Энэтхэгийн алдарт Ашок хаан улсдаа хээрийн ан гөрөөс амьтдыг эмнэх эмнэлэг хvртэл байгуулж байсан тvvх­тэй. Тийм энэрэн нигvvлсэх асрах сэтгэлтэй хаан байсан болохоор хожмоо сайнаар дурсагдаж Чакроварти хаан буюу Хос ёсыг баригч хаан хэмээн тvvхнээ мөнхөрсөн хэрэг. Харин манай хутагт буга, тарвага идээшvvлж, халуун оронд ургадаг Гандигар, цагаан зандан мод суулгаж, Хайлаас, бургас улиас мод тарьж, ховор эмийн ургамлуудыг тарьж төрөл бvрийн эм хийж байж. Мойл жимс тарьсан нь одоо ч Мойлтын аманд ургаж байна. Сvм хийддээ араб адуу хvртэл авчирч жууз тэргэнд хөлөглөж, тагтаа, тоть, тогос шувуу тэжээж зvйл бvрийн амьтан ургамалтай эгээ л Гандангийн орон гэлтэй. Хvмvvс бид өөрсдөө хичээж өөрсдийн диваажинг энэ орон нутагтаа бий болгон бvтээж болох ажээ. Хутагт өөрийн зусландаа хайлаас мод тарьсан нь өдгөө Хөндлөн Хайлаастын амралтын газар байна. Тvvнтэй ойр орших Лхачин­вандад ууланд буга vржvvлж, ховор ан амьтдыг идээшvvлснээр тэр уул өдгөө Дархан цаазат уул болсон. Хийдэд амьтны хvрээлэнтэй. Тvvнийг нь орсон гарсан ардууд vзэж сонирхдог байж. Vvнээс гадна хийддээ театрчилсан тоглолт хvртэл vзvvлдэг байж. Богд хаант Монгол Улсын vеийн Зvvн өмнөд хязгаарыг хянан тохинуулах төрийн сайд Егvзэр хутагт Галсандаш хэмээх Буддын шашны хутагт тэрбээр эх дэлхий хийгээд тvvн лvгээ мөнхийн шvтэлцээт хvний амьдралын байгаль­ших горимыг нарийн мэддэг байлаа. Зөвхөн хайрлаад хадгалаад суух биш, бас байхгvйг бий болгон өсгөн арвижуу­лах ухаантай байжээ. Одоо цагт шинж­лэх ухаан техник хөгжиж, эрдэмтэн цолтонгууд олноороо бий болж байгаа ч хаа газар шинээр энэ мэт хутагт лугаа адил ганц зvйл хийсэн нь хэд бол. Өнө өглөгтийн хийд хэмээн алдарш­сан хутагтын энэ хийд бол зvгээр нэг зах хязгаар нутгийн мөргөлийн сvм төдий байсангvй. Тэнд Ширээтийн лам, Ноён цорж, Тойн лам, Дорж цорж, халзан Бишрэлт нарын чадалтай том лам нар хуран суухаас гадна Чойр, Мамба, Дvйнхор, Жvд, Хажидын дацангуудтай байж. Гучин гурван шавран, мянган ламтай. Хавартаа алтан гагнуур, бонго зэрэг эмийн ургамлуудыг тарьж, намар­таа тvvж эмчилгээ сувилгаандаа мамба дацан хэрэглэдэг байж. Эрдэнэцагааны Бонго гэдэг өвс бол манай нутгаас өөр хаана ч ургадагvй ховор чадалтай өвс юм гэнэ лээ. Лам нар нь чойрын эрдэм мэдлэгт суралцаж, жод лvйжинг Хажидын дацандаа хурдаг байж. Намайг багад эмээгийнд хонх дамар гээд нэг сонин зvйлс байж билээ. Би хvvхдийн саваагvй зангаар тэдгээрийг нь дуугар­гаж тоглоход эмээ маань загнахгvй, харин ч баярлаж лvйжин тавих хvн ховордсон vед хонх дамрыг маань дуугаргаж байгаа нь яамай гэдэг сэн. Гэхдээ манай эмээ шөнөдөө лvйжин тавьдаг байсан юм билээ. Би ч эмээг дуулаад байгаа юм байна л гэж боддог байж билээ. Зvvн хязгаарыг тохинуулах сайдын албатай хутагтын баруун гарын тvшмэл, бичгийн их туслах нь Тvвшин ноёны хvv Чадраабал хэмээх миний өвөг эцэг байжээ. Хутагт өвгийг маань бvр багад нь таньж, тvvнийг зэргэлдээх хошууны эрдэмтэн хvнд шавь оруулж. Арван нэгэн настайд нь энэ хvнээ ирж ав, миний заах эрдэм дууслаа гэж хэл ирсэн юм гэнэ лээ. Сvvлд ардын засгаас хуралд урьсан нэрийдлээр худал зар ирж, хутагтыг хэнээр бараа болгуулах вэ гэхэд Чадраа­балыгаа, тахилч Базар­тайгаа авч явъя гэж. Ийнхvv гучин наймын эсэргvv хэргээр долоон хvнийг хэлмэгдvvлэн хороосон бөгөөд хутагт маань өвгөтэй минь хамтдаа Шамбалын орноо заларсан ажээ. Хожим намайг Энэтхэгт сурахаар явахад нагац ах маань ихэд баярлаж бидний хийсэн юм гэж юу байхав, өвгө эцгийн минь л буян, vр ач бидэндээ ирлээ гэж билээ.

Эрдэнэцагаан бол гурван хутагт нэгэн цагт зэрэг заларсан өлгий нутаг. Егvзэр хутагт, Дамдинбишрэлт, Халзан Ширээт хэмээн нутаг усандаа төдийгvй Монгол даяар алдартай, номтой чадалтай хvмvvс байжээ. Дамдинбишрэлт бол хар хэл амтай, бусдад хор хvргэдэг хvмvv­сийг ганц сайн дарж өгдөг байжээ. Тvvний номын абшиг оршсон шороог өдгөө ч манай нутгийнхан хар хэл ам, элдэв хов жив, vгийн бузрыг дарах шидэт гороо хэмээн хэрэглэдэг билээ. Тvvний амь­дарч асан байшин өдгөө сумын төвд байгаа бөгөөд тэр байшинг хадгалж хамгаалах талаар ямар ч ажил хийг­дэхгvй байгаа нь харамсалтай. Халзан Ширээт ламын тухай нутгийн ажаа Цэдэвцоогоос сонссон нэгэн хуучийг дэлгэе. Дарьгангын нэгэн ноён хий өвчин тусаж, Ширээт ламыг залахаар албатууд нь ирж. Би очоод яах вэ дээ, та нар тэр хvнээ буруу газар хэвтvvлсэн байна. Маргааш зvvн урдаа гаргаад уячих. Би эндээс нэг юм өргөе гэж гэнэ. Нөгөөдvvл ч харьж очоод хэлснээр нь хийж. Мар­гааш өглөө нь гэнэт нэг их буун дуу гарч янлав vнэртээд л явж. Тэгсэн нөгөө ноён ухаан нь сэргэж та нар намайг яагаад хvлчихээ вэ гэж. Талархан баярласан улс очиж мөргөөд болсон явдлыг ярихад Ширээт “Өө би арцаа гээд янлав хийчих­сэн байсан юмаа” гэж. Энэ мэт манай нутагт чадалтай эрдэмтэй хvмvvс олноороо төрж амьдарч байжээ. Хамба Лувсан, гавж Диваа­самбуу хэмээх бас манай нутгийн номтой лам нартай хамт багадаа хийд орноо шавилан сууж ном vзэж байсан манай садангийн өвөө, миний номын багш Р.Туваан гэж нутгийн олондоо тустай эрдэмтэн лам байсан юм. Тэрбээр ясны хугаралт, бөөр нуруу, тархи толгой, эмэгтэйчvvд гээд өвдөж зовсон олныг өөрийн бариа заслаар эдгээн илаар­шуулж, хvн малын өвчинд нутгийн эмээр эм барьж эдгээж явсан тус ихтэй буянтай буурал байсан юм. Өөрөө морь сайн мэднэ. Бас уяна. Уясан морь нь хурдан. Морины гэмийг сайн таньж эмчилдэг байсан ба өдгөө тvvний том хvv Энхтөр нь багшийн эрдмийг өвлөн буяныг хураан зон олондоо тус болсоор явна.

Цагаан овоо, Алтан Овоо, Шар овоо, Билvvт Овоо хэмээх дөрвөн овооны дунд Эрдэнэцагаан сум оршино. Овоо уулс борлож харагддаг бол манай Цагаан овоо нь тана сувд асгасан мэт цагаан чулуугаар гялтганаж vзэгдэнэ. Дөрвөн овоон дундуур Чоно гол урсана. Чоно харайхын гол хэмээн нэрийддэг энэ гол энгийн vед устай vгvй нь мэдэгдэхгvй бөгөөд харин хур элбэг зун эргээсээ халина. Чухам энэ vед чоно харайна. Харайсан чоно нөгөө эрэгтээ хөл хvргэж vл чадна.

Манай сум бол хэзээд өнтэй сайхан байдаг. Хажуу сумдад хатуу өвөл болж байхад Эрдэнэцагаанд өнтэй л байдаг. Сvртэй зуд турхан болж ард олныг минь зовоогоогvй дээ хэмээн Дамдинбишрэлт хэлсэн юм гэнэ лээ гэж Цэнд эмээ маань ярьдаг юм. Сvvлийн хэдэн жилийн отор нvvдэл гээд олон айлууд манай нутгийн захаар өвөлждөг болсон. Эрдэнэцагаан бол том сум, улсдаа хvн болон малынхаа тоогоор хоёрт орж байсан юм гэнэ лээ. Манай нутгаас ардын хувьсгалын парти­зан Тогтох, Жамсран, хөдөлмөрийн баатар Я.Сундуй, хууль зvйн ухааны доктор Цогт-Очир, анагаах ухааны эрдэмтэн Ц.Сvхбаатар, философийн ухааны доктор Арсланбаатар, Х.Гvнд­самбуу, хvний гавьяат эмч Мөнхчулуун, гавьяат эдийн засагч Шvхэрт, сурган хvмvv­жvvлэгч Ваанчиг, Өлзийхутаг, Гандан хийдийн цорж лам гавж Диваа­самбуу нарын зэрэг олон алдартан төрж гарсан билээ.

Намар орой цасны эхэн гадаа буухад эрхгvй нутгаа санана. Эх орны минь зvvн хязгаарт орших энэ нутаг бол эх дэлхийгээ эхлэн таних цагаан толгой минь болсон юм. Зотол Хан, Вангийн Цагаан, Лхачинвандад, Баянцагаан, Баруун Зvvн Араат гээд тал нутагт байх хангайн том уулс. Ер нь манай нутаг тал хээрийн бvсэд багтах ч нутгийн захаасаа л шууд хангай нутгийн өнгө төрх нvднээ тусна. Хөглөрсөн их ой vгvй ч бас модтой, vржил шимт бор шороон хөрстэй, өндөр өвстэй, бас ус булаг арвинтай талын л хангай даа. Нутгийн баруун хэсгээр сөнөсөн галт уул олон бөгөөд тэр хавиар тойрч гарахын аргагvй бутарсан хайлмаг чулууд дvvрэн. Тийм замаар шаахай далан хоёроороо туучсаар аав бид хоёр Зотол Хан Уулын баруун энгэрт хvрч очсон юм.

Манай Зотол хан, Дорнодын Матад хан, Сvхбаатар сумын Дархан хан гурав бол нэгэн эцгийн гурван хvv юм гэнэ лээ. Хаан эцэг нь халин одохдоо тулгын гурван чулуу шиг гурван хvvдээ газар нутгаа хуваан өгсөн бөгөөд ахан дvvс аавын захисан нутагтаа уул болон vлдсэн домогтой. Бие биесээ харан мэндчилж, дотоод туурвилаа бvтээж мянга мянган жил хамтдаа амьдрарч байгаа буй заа. Харин энэ удаа аав маань төрсөн ганц ахдаа золгохоор намайг дагуулан гарсан нь энэ. Манай нутгийн­хан Зотол Ханыгаа зvгээр л Овоо хэмээн дуудна. Овоонд өргөөрэй хэмээн ээжийн өгсөн идээний дээжийг өргөөд цааш хөдлөөд аав минь “Алс хол хvний нутагт явахдаа нутгийн уул овоог дvрийг нь ургуулан бодож залбирч бай” хэмээн захиж билээ. Тэрнээс хойш их сур­гуулийн дөрвөн жил гээд л ажил амьд­ралын он жилvvд хөвөрсөөр дахиж Овоондоо очиж амжаагvй л явна. Машин тэрэг хөлөглөн давхиж очихоос илvv­тэйгээр оюун сэтгэлдээ дvрийг нь ургуулан бодож, нэрийг нь шившин залбирч явахыг аав минь захисан билээ.

Эрдэнэцагаан! Энэ гэгээнээр бvтсэн vгийг сэтгэлдээ давтан хэлэхэд хээр талын цахиур цагаан уулс, талын цагаан зээр, хонгортон халиурсан их өвс, сунаж яваа зэгэл цагаан чоно, нvvж яваа хун цагаан vvлс амилан vзэгддэг билээ. Төрсөн нутаг болгон хvvдээ сайхан. Гэхдээ улам сайхан болгон арвижуулан цогцлоох, ус нутгаа Гандан-төгс баяс­галангийн орон болгохын хvслэн хийгээд биет vйлсийг бvтээх нь гагцхvv хvv нь болж төрсөн бидний л хэрэг буюу.

Ду ноён овогийн Ооёогийн Мөнхнаран
2007.10.31

Tuesday, March 4, 2008

САРНЫ ГЭРЛЭЭС ЭРДЭНИЙН ЧУЛУУ ТҮҮХ ЮЙ СИГИЙН УЯНГА

Нэг

Ертөнц өөрөө агуу их туурвигч бөгөөд хамгийн том туурвил нь бол хүмүүн бидэн билээ. Хүмүүн бидэн өөр өөр газар орноо мэндэлж, өр өөр ёс суртахуунаар хүмүүжиж, өөр өөр хэлээр ярьдаг ч бидний зүрх сэтгэл, түүний үнэмлэхүйн мөн чанар нь үнэхээрийн адилхан буюу.
Уран зураач, хөгжмийн зохиолч, гэрэл зурагчин, яруу найрагч, гүн сэтгэгч хүн чухам ямархан нэгнийг нандигнан тэмүүлэн зорьж, альхан замаар бидэнтэй алхаж, юуг хэрхэн дуулна вэ? гэж бодох үнэхээр сонин бөлгөө.
Түнэр орчлонгийн хүн бүхэн төөрөг заяаны барилдлагатай
Түм буман урьдын явдал мэлмийн чанадад хадгалаастай…
Орчлон ертөнц энгүй уудам ч гэлээ
Огт үл таних харь хүн гэж нэгээхэн ч үгүй
Оддын чуулалд ч зөгнөл төрмүй

Ямар ер бусын сайхан бодрол ухаан вэ? Төөрөг заяаны барилдлагатай болохоор харь хүн гэж нэгээхэн ч үгүй ажгуу. Өнөөдөр бид бие бие рүүгээ муухай харж, муу үг шидэлцэж, нэгнээ үзэн ядаж энд тэндгүй үл хүндэтгэл, үл ойлголцол байхад тэрээр бидэнд бид бол дэлхийн ээжийн хүүхдүүд, ах дүү амраг садан гэдгийг маань сануулан дуулжээ. Гудамжинд зөрөөд өнгөрсөн хүү ч тэр эмээ ч тэр миний л төрөл садан гээд боддоо. Ямар сайхан санагдана гээ? Хараад инээмсэглэн мэндлээд өнгөрнө. Цаашаа алхахдаа охиноо хөтөлсөн аавтай таарна. Тэд бид бас бие бие рүүгээ инээмсэглэн халуун дулаан харцаараа ярилцана. Тиймээ энэ дэлхийн хүн болгон надтай төөрөг заяаны гүн барилдлагатай, хүж барилдсан ахан дүүс. Бүгдээрээ ингэж үнэн сэтгэлээсээ бие биенээ бодвол манай цэнхэр дэлхий хайрын далайд умбаж энхжингийн орон болох болно.
Яруу найрагч Юй Сигийн бичсэнээр “мэнэрсэн мэлмийд мэнэрсэн үйл явдал л харагдах” учраас “мэлмэрсэн харцанд амраг хайрын роман харагдах” ажээ. Түүнийхээр хайр бол: “Өнөд эс бөхөх хутгийг олсон дэнлүү Үүрд эс живэх урагшлан хөвөх хүчит дарвуул” билээ. Яруу найрагчийн мэлмийд
Бүстэй хүүхэд тэнгэр баганадсан мод болохыг мөрөөснөм
Бүсгүй хүүхэд нарлаг хаврын цэцэг болохыг хүсэмжилнэм
Тэнгэр газрын хоорондох юм эмх замбараагүй атлаа нэг л хуультай
Тэнгэрийн хаяанаа долоон өнгийн үүлсийн үзэмж дунд
Төрсөн нутгийн хуучин гудамны гэрэл илүү өнгөлөг
… харагдах бөгөөд ертөнцийн хамаг юмс харилцан шүтэлцэн оршдог хууль хийгээд долоон өнгийн үүлсийн үзэмж хэдий сайхан ч гэлээ төрсөн нутгийн гудамжнаа ёлтойх гэрэл түүнд илүү өнгөлөг тусах. Юй Сигийн яруу найраг бол бүхэлдээ түүний уран сэтгэлгээний хот мандал гэхээр ер бусын увидастай бөгөөд тэнд нь урин хаврын цэцэг мэт дэлбээлж байдаг ажээ.

Хоёр.
Эрдэнэсийн арлын орон Тайваны Жан Хуа хэмээх эртний тосгонд мэндэлсэн тэрээр бага залуудаа баруун эргийн Хуа ууланд арав гаруй жил буддын гүн ухааны ном судар бясалгаж хожмоо хүмүүсийн дунд буцан ирж соёл, боловсрол урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэртэй соёл, яруу найргийн өргөөний эзэн болсон сонин үүх түүх түүний намтарт буй.
Жаал хүү одос үхрээ эрэн гэрээсээ холдон эрэлд гарчээ. “Сэтгэлээ хариулахуй” хэмээх арван бичил бүлэгтэй туурвил нь түүний өөрийнх нь амьдралын замналыг зугаатайяа хүүрнэсэн бичил түүх шиг санагдана. Дорно дахины гүн ухаанд нэвтэрч, улмаар өөрийн уран бүтээлдээ дорнын увидасыг шингээж, улмаар түүнийгээ өнөөгийн нийгэм суртахуунд хүртээмжтэй байдлаар бичсэн нь сэтгэл хэмээх одос үхрээ хэрхэн хайж олохын сэнхрүүлэг сануулга мэт ажгуу.
Одос үхэрээ эрсэн энэ өгүүлэмж нь өөрөө их сонин. Одос бол түүний уран бүтээлийн болоод сэтгэлгээнийх нь бэлгэдэл. Өөрийн сэтгэлээ танин мэдэх гэж гэрээсээ гараад аглагт очиж улмаар түүний хайгуул явсаар эрэлийн мухарт
Дэрсэн шаахайг элэгдтэл уул усаар яваад
Дэлхий дахинд хосгүй дияаны ёсыг ухв
ай хэмээн тайлагдана. Билиг билгүүн хийгээд бясалгалын дээд дияанд суралцаж улмаар оготор цамцаа ярж хот ороод олны тоосонд дарагдавч нүүр дүүрэн инээмсэглэн, харь хол арш хувилгааны далд эрдэмгүй ч хатангир модыг дахин амилуулж цэцэглүүлэхийг үзэж байна. Дияаны номыг бясалган ухаарсан хүнд олны тоосонд орсон ч дотор сэтгэл цэнгэлтэй тул нүд сэтгэл инээдээр бялхаж, заавал ч тэр аршын эрдэм гэхгүйгээр халуун сэтгэлээр ч хатангишсан модыг дахин ургуулж болохтой адил хамаг амьтаны сэтгэлийг ариусган цэнгүүлж буйгаа дүрсэлсэн мэтээ.
Өнгөрсөн жил шавар дээр гарсан галууны мөрийг
Өнөө өглөө дахин үзэхэд яахин олох билээ
Бие сэтгэл хоёр үнс шиг замхардаг хорвоод
Би өдгөө галууны мөрийг хайгаад яана вэ.
Нээрээ ч нэгэнтээ өнгөрсөн бүхэн агшин хоромтойгоо замхаран арилдаг болохоор тэр цаг үеийг дахин яаж барьж чадах билээ.
Юй Сигийн “Сэтгэлээ хариулахуй” хэмээх гүн сэтгэлгээ, яруу уянгын дууллын зургадугаар бүлгийг сийрүүлбэл:
Одосоо унаад гэрээ зорихуй

Одосоо унаж, сэтгэлийн хариулгаар яваа дияанч найрагч бээр долдугаар бүлэгт одсоо орхин гэртээ орох бөгөөд саран тэнгэрийн шатаар өгсөж харагдах ажээ. Энэ үеэс улбар наран унтах нойронд гүнээ автаж, улалжин овоохойн хатавчинд орхисон ташуур нь л хэвээрээ бөлгөө. Харин дияанч найм дахь бүлэгтээ “Хүмүүн ташуур одос бүгд хоосон чанартай”-г өгүүлж “Хөхөмдөг тэнгэрийн хязгааргүйг сэтгэлдээ яахин багтаах буй” хэмээн уг гарвалдаа эргэн ирэх бөгөөд
Ариун сүмд суухад гадаах зүйлс харагдахгүй
Алаг цэцэгс дэлгэрч ус зөнгөөр урссаар л ажээ.

Эцэст дияанч бээр орчлонгийн тоосонд гараа унжуулж “Алдах ч үгүй, бас олох ч үгүй”-н ухааныг ойлгон
Сэтгэл хэмээгчийн мөн чанар эзлэгдэх бодолгүй
Сэрж түүнийг сайтар ухваас хувилгаан чанар буюу
хэмээн дуулснаас үзэхүл сэтгэл гэдгийг эзлэж түрэмгийлж үл чадах бөгөөд гагц түүний чанарыг л таних чухал буюу. Дорнын саран дор сэтгэлээ дуулж хатангир мод дахин амилан цэцэглэхийг үзжээ. Чухамхүү яруу найраг бол сэтгэлээ таних, түүний хувилгаан чанарт шилжих хийгээд хатангир модыг цэцэглүүлэхийн эрдэм буюу.

Гурав.

Юй Сигийн яруу найрагт дорнын цагаан сар хөвж үзэгдэнэ.
Судар номноос гадна нандин эрдэнэ буй
Сунгар гарын дээр гэгээн саран мэлтийнэ
Түүнд гэгээн саран бол судар ном мэт нандин эрдэнэ ажээ. Тэрбээр сар хэрхэн тэнгэрийн шатаар өгсөхийг, бас сарны туулай нь сарны элч, энэрэл хайр, ид шидээр дүүрэн мөн чанар болохыг дуулна.
Сар туулайг гэрлээрээ дамжуулан хэвлийдээ тээсэн дорнын домог нь нигүүлсэхүй бодь сэтгэл болон гэгээрсэн билиг оюуныг оллоо гэсэн санааны төсөөлөл бөгөөд сарны гэрлээр өглөг хийгээд зовлонгоос гэтлэхүйг бэлгэддэг билээ. Сарны хэвлийд олдсон туулай сүүн цагаан гэрлээр нь дамжин тэнд очоод үеийн үед биднийг тольдон харсаар байдаг ажээ. Тэгвэл хүмүүн сарыг олж чадах аваас хамгийг гийгүүлэгч гэрлээр дамжин сансар огторгуйд дураар зугаацан аялж болох бус уу. Юй Си “Сарны туулайн домог” хэмээх шүлэгтээ энэхүү шидэт домгийг дияаны бясалгалын дээд оронд тольдон харж ийнхүү шүлэглэжээ
Сэтгэлийн минь цэвэр тунгалагийг
Сэрүүн намрын сартай л зүйрлэж болох буй заа
Чухам үүнд л Юй Сигийн яруу найргийн тунгалаг ахуй намрын сартай зүйрлэм бодь сэтгэлийн тод чанар үзэгдэнэм. Өөр нэгэн шүлэг “Урьд насны ерөөл” –д нь Саран цагаан хүлэг болоод үүлсийн дээгүүр дүүлэн нисэх авай. Далбаат хөлөг онгоцоор хөвөх агшинд нь давалгааг зүсэх дорнын цагаан салхи цэцэгсийн дэлбээг илбээд толь мэт хавирган саран мөрөн голд дураар наадах агшинг гайхалтай зурагласан буй. Үүнийг түүний өөрийн шүлэгтээ шигтгэсэн эрдэнийн шигтгээ мэт мөрөөр нь тайлбарлая.
Сарны гэрлээс эрдэнийн чулуу түүмүй.
Өдгөө бидний эрин үед мөр зэрэгцэн амьдарч, бүтээж, бясалгаж, сэтгэж, бичиж буй үзэг нэгт дорнын яруу найрагч Юй Сигийн монголд хэвлүүлсэн “Номин цэнхэр далай” хэмээх номын ертөнцөд аялахын зуур сэтгэлд зурсхийж, тэнгэрт гялсхийсэн гурван шад бодлоо хуваалцахад ийн буюу. Түүний шүлгүүдийг орчуулагч Д.Болдбаатар, М.Чимэдцэеэ, Ш.Цог, Г.Мэнд-Ооёо нар монгол хэлнээ гарамгай сайхан орчуулан буулгасныг талархан тэмдэглэе. Орчуулгын үнэт зүйлсийг Юй Сигийн шүлгээр зүйрлэвэл бас л сарны гэрлээс эрдэнийн чулуу түүх эрдэм ажгуу.


О.Мөнхнаран
2008.04.17
Өдрийн Сонин,

ШАНДУГИЙН ШАР ТАЛ, УСАН МАНАН, ЦЭНХЭР ЗЭРЭГЛЭЭ

Хубилай хаан” шүлгийн гар бичмэл


Намрын дунд сард дээд нийслэлийн шар талд шаргал гэгээнээр усан манан хөшиглөж эртний хааны байгуулсан өндөр хана хэрэм сүр жавхлантайяа долоон зуугаад жилийн тэртээх тэр л хэвээрээ зэрэглээтэн харагдах. Их хотын төв хэсэгт эзэн хааны суудал заларч чанх өөдөөс нь балар эртний монгол язгууртан дээдсийн хүн чулуун хөшөө ширтэнэ. Зүүн мутартаа тансаг сэржимтэй алтан хундага дэвшүүлжээ. Энэ бол монголын эзэнт гүрний их хаан Хубилайн байгуулсан зуны ордон хэмээх дээд нийслэл Шанду юм. Монголын тавдугаар их хаан Хубилай сэцэнээс хойш Тогоонтөмөр хааныг хүртэл бараг зуун жил монголын төрийн хаад зусаж, төрийн хэргээ явуулж байсан эртний ерөөлт газар орон. Цагаан хэрмийн чанадах хүний нутагаас хааяа алсарч эх нутгийн салхийг амталж, чулуунд нь дулаацан, аршаан усыг нь амсаж болох шимийн ундрагатай газар байсан гэнэм.


Шанду бол зүүд зөн, совин бэлгэ, яруу найргийн сэрэхүйд гялбан тусч байдаг шидэт орон ажгуу. Долоон зууны тэртээ гэрэл зураг, дүрс бичлэг юу ч байсангүй. Харин яруу найраг тэрхүү мэдээллийг мөр бадагтаа бичиглэдэг ажээ.
1329 онд Перс гаралтай Хуй Муслам яруу найрагч Сайдула өөрийн Шандуд тохиолдсон үйл явдлуудын тухай “Шандугийн өдрийн тэмдэглэл” хэмэх арван шүлэг бичсэн бөгөөд тэрээр найм, есдүгээр саруудад өглөө эрт Шандуд үүлс гүйлдэж үргэлж нойтон манангаар бүрхэгддэг тухай тэмдэглэсэн бий. Түүний “Шандугийн сэтгэгдэл” хэмээх тав дахь шүлэгт:
Үүр цайх үед нил ягаан ноосон хувцастай ч
Ууц нуруугаар хүйт даан жиндэх…

Өглөө хагас сэрсэн оюун
Дорно зүг цонхоор харахуй
Цэлмэг тэнгэр Агуу хана хэрмийн
Цаана нуугдчихсан
Тунгалаг наран дээр нь мандаж байдаг…

Шар торгон хятад зураг шиг
Шанду нойтон шүүдэрээр бүрхэгдсэн байлаа…
гэх зэргээр Шандугийн байгалийн үзэмж, тухайн үеийн дүр зургийг дүрслэн бичжээ. Энэ найрагчийн талаар болон түүний арван шүлгийн тухай одоогоор илүү зүйл олж чадаагүй байна. Ийнхүү улс төр, соёлын томоохон төв болж өрнө дорнын түмэн хүн орж гарсан, алтан ургийн угсаат Хубилай хааны үндэслэн байгуулсан Юань гүрний дээд нийслэл хот тухайн үеийнхээ алдарт найрагчийн шүлэгт дүрслэгдэн үлджээ.


1797 онд Английн нэгэн зэлүүд фермийн бөглүүхэн байшинд зүүдэндээ шүлэглэн нойрсох эрхэм бол тухайн үеийнхээ тэргүүлэх яруу найрагч, Эзэн хааны утга зохиолын нийгэмлэгийн жинхэнэ гишүүн Самуэл Тэйлор Колериж байлаа.
Хүмүүн үл хэмжих агуй ангал тольдогсон
Наран үл хүрэх агуу тэнгис зоригсон
Ариун мөрөн урсах Шанду хэмээх нутагт
Эзэн хаан Хубилай зарлиг буулгаж
Эрхэм цэнгэлийн их орд дүвлэжээ
/Д.Бямбаагийн орчуулга/


Самуэл Тэйлор Колериж хэзээ ч Шандуд хөл тавьж байгаагүй юм. Тухайн цагийнхаа гарамгай Зөнч найрагчийнхаа хувьд зүүдэн нойрондоо аялан бичсэн энэхүү “Хубилай Хаан” шүлэг нь дэлхийн зуун шилдэг шүлэгт тогтмол шалгарч, өнөө хэр сая сая уншигчидтай, англи хэлт уран зохиолын нэгэн гол судлагдахуун болсоор ирсэн билээ. Колериж бол тухайн үедээ уянгын дуулиуд, урт шүлэг бичдэгээр алдартай байсан төдийгүй Германы сонгодог философийг судлан Иманниул Кант, Шеллеу нарын бүтээлүүдийг орчуулж тайлбарлан нийтэлж байжээ. Түүний “Алтан гургалдай”, “Уянгын дуулиуд”, “Чирастабел”, Байгаль танаа” зэрэг бүтээлүүд нь нэн алдартай билээ.
“Хубилай хаан” шүлгийн зохиогдсон байдал маш сонин. Эмчийн жороор бага зэргийн некотины орцтой эм хүртээд сандал дээрээ гурван цаг гүн нойронд умбасан бөгөөд урьд хожид үзээгүй тийм сонин орноор аялаж. Гаднаас хашиграх чимээнээр сэрэхдээ тэрхүү зүүдэн шүлгээсээ хоёроос гурван зуугаад бадгийг нь санаж байсан гэдэг. Үзэг бэхээ цаастайгаа шүүрч аван бичиж эхэлж байтал гаднаас нэгэн албаны хүн орж ирээд, дахин дахин ямар нэгэн зүйл асуусаар анхааралыг нь сарниулж. Түүнийг гарсны дараа эргэн бичих гэтэл дараах мөрүүдээ эргэж огт санаагүй бөгөөд ийнхүү уг шүлгийн эхний тавин дөрөвхөн мөр л бидэнд хүрч ирсэн түүхтэй.
Харин манай утга зохиолд “Хубилай хаан” шүлэг манай нэрт зохиолч, орчуулагч, дипломатич Дамдины Бямбаа гуайн хичээнгүй зүтгэл, ариун сэтгэлээр монгол хэлнээ хөрвүүлэгдсэн орж ирсэн билээ. Энэ нь утга зохиол судлалд төдийгүй монголын эртний түүх ялангуяа арван гуравдугаар зууны түүхийг судлахад нэгэн гол сурвалж болох юм. Дээд нийслэл Шандуг монголчууд өөрсдөө судлан танихад яруу найрагчийн зөнч мөр бадгууд нь түүхийн замыг тодруулан үзүүлэх толь болох нь лавтай.
Америкийн эрдэмтэн Андрей Салсидо 1992 онд нэг найзынхаа хамтаар Хөх Хотоор дайрч баахан зөвшөөрөл аван явсаар Шанду руу хөдлөхдөө Юань гүрний дээд нийслэлд арван гуравдугаар зуунд зочилсон Марко Полоогоос хойш ирж буй барууны дөрөв дэх, Америкаас зочилж буй анхны хүн болж байгаадаа сэтгэл нь машид догдолж байсан гэдэг. Арга ч үгүй юмаа. Тэрээр дунд сургуулийн сурагч байхдаа энэхүү Колерижийн алдарт шүлгийг уншиж байсан бол яг тэр шүлгийнхээ мөрөөр эртний нутагт хөл тавьж байна. Шилийн хотоос Шандуд хөл тавихад түүнийг шүлгийн эхний мөрөнд гарах “Алф” гол угтан авахад үнэхээр гайхан бишэрч дуу алджээ. Энэ голыг манайхан “Шанд” буюу усны ундрага, ариун эхлэл гэсэн утгаар нэрлэн улмаар XIII, XIV зууны монгол хэлний дуудлагаар “Шан-ду” хэмээн нэрийдсэн гэдэг. Хятад хүмүүс “Шандайн” гэж дуудах. Колериж шүлгэндээ “Алф” хэмээн нэрлэсэн. Алф гэдгийг Диваажингийн ертөнцөөс доошоо “Наран үл хүрэх далай тэнгис”- дэхь агуй хонгилд руу буусан “сүлжилдсэн тахиралдсан хөдөлгөөнтэй” олон бээр урсах “ариун мөрөн” юм хэмээн барууны уран зохиолын толь бичигт тэмдэглэсэн байх юм. Мөн эртний Грекийн нэгэн домогт голын бурхан Алфиус Аритуса гэдэг байгалийн хүчний эзэн лус савдагт дурлаад араас нь гүйгээд байхаар нь Аримсэс хэмээх онгон эмэгтэй бурхан түүнийг оргилуур болгож хувиргасан гэдэг. Ийнхүү тэр бурханы нэр явсаар байгаад Алф хэмээн богиноор дуудах болсон гэх. Колериж ч Шандуг энэ бурханы нэрээр нэрлэсэн нь учиртай л байх. Манай орчуулагч Д.Бямбаа гуай маань үүнийг “ариун мөрөн” хэмээн орчуулжээ. Их сайн оноож нэрлэсэн шиг санагдана. Диваажингийн гол эх дэлхийн гүн рүү урсахдаа энэ голоор дамжин өнгөрдөг ч юм билүү.

Цэнгэлийн их ордны сүүдэр
Цэнхэр долгисын мандалд тусахдаа
Усан оргилуур агуй ангалаас
Эргэн ирэх элдэв дууг түрэн нижигнэнэ.
Мөн ч ер бусын дүр зураг энэ бөгөөд
Мөсөн агуйтай, цэнгэлийн нарлаг их орд ажээ.
/Д.Бямбаагийн орчуулга/

Шандугийн доор үнэт эрдэнэс хадгалдаг зоорь байсан гэх домог яриа бий. Орох хаалга үүд нь худагт байдаг гэнэ. Эдүгээ Шандугийн нутагт хятадын Вү Юй гэдэг ферм байрлаж байгаа бөгөөд нэг удаа нэгэн фермчин зоорийг олжээ. Гэвч юу юугүй түүний бие нь сульдаад нойр нь хүрээд унтаад өгч. Сэрэнгүүтээ хүмүүст энэ тухайгаа хэлэх гэтэл шал өөр газар сэрсэн гэдэг. Бас тэр нутгийн хүмүүс ярихдаа дөчин таван онд Япончууд ухарч явахдаа Шандугийн тууринд хэд хоносон бөгөөд тэд үнэт эрдэнэсүүдийг аваад явсан гэх. Колерижийн шүлгэнд “Мөсөн агуйтай, цэнгэлийн нарлаг их орд…, Нарлаг их ордыг мөст агуй хавцалтай…” гэх зэргээр Шандугийн их ордыг тэрхүү агуй ангалтай нягт холбон өгүүлсэн байх юм. Магадгүй үнэт эрдэнэсийн сан хөмрөг нь булгийн эхэнд хаалгатай мөсөн агуйд байдаг ч юм билүү. Ямартай ч Шандугийн сөнөсөн туурь балгад сонин содон үүх түүх хадгалж буй нь лавтай.
Шанду зун цагт ихэнхдээ зэрэглээтэн харагдах бөгөөд униар манантай тэнгэрт цагаан гантиг баганууд, өнгө өнгийн чулууд нь үнэхээр сүр жавхлантай харагддаг ажээ.
Нарлаг их ордыг мөст агуй хавцалтай нь
Намуухан агаарт би сэтгэлээрээ барьж сүндэрлүүлнэ
Тэр дууг сонссон бүхэн их ордыг олж хараад
Тэргэл алдран, бүү сарни, бүү сарни гэж дуу алдана
. /Д.Бямбаагийн орчуулга/
Колериж ийнхүү ордоныг өөрийн санаагаар тэнгэрт сүндэрлүүлэн барьж байгуулж, улмаар бийр бэхээрээ цаасан дээр буулган үлдээж энэхүү дуулал шүлгийг нь уншиж сонссон бүхэнд эл ордон үзэгдэж, үл хагацахыг хүсэн дуу алдах нь лавтай хэмээн өөрийн шүлгийн өнийн өнгийг бас тунхаглан бичжээ. Улмаар цааш нь:

Тэнгэрт Хааны гялалзсан мэлмий, гилэлзсэн үс тодорно.
Дээдсийн дүрийг тойрон гурвантаа хүрээ үүсэхүйд
Дэмий л сүрдэж биширсэндээ нүдээ анин хүсэхүйд
Диваажингийн сүү амсаж, бал амтлан
Дэлгэр их жаргал эдэлсэн мэт болно.
/Д.Бямбаагийн орчуулга/

Колерижийн төгсөөгүй шүлгийн төсгөлийн мөрүүд энэ. Бараг хоёр зуугаас гурван зуун мөр шүлэг зүүдэндээ бичээд сэрэхдээ эргэн санасан тавин дөрөвхөн мөрийн төгсгөл ч бас сонин. Эзэн хааны мэлмий гялалзаж, үс нь гилэлзэн үзэгдэхэд тэргүүнийг нь тойрон гурвантаа гэрлэн хүрээ үүсэж харагдах. Үнэхээр тийм дүр зураг үзээд бишрэхгүй хэн байсан билээ. Ийм сайхан бүрэлбаа хэн хүнд бас харагдахгүй болов уу. Тэгэхээр ч нээрээ дэлгэр их жаргал, диваажингийн бал бурам амталсан мэт бие сэтгэлийн жаргал эдлэх нь мэдээж ээ. Дээдсийн минь дүр тэртээ тэнд суугаа өөрийн билигт нэгэн хүмүүнд гэгээн дүрээр илбэ зүүдэн мэт үзэгдсэн учир юун? Тэр цаг үед манайхан Манж Чин улсын эрхшээлд бүрнээ орчихсон дээдэс доодосгүй хөл толгойгүй байсан цаг. Шороон түмэн хүн амьтан хөлхөлдөх Манж гүрний хөл толгой дээгүүр, эртний хааны гэгээн сүнс нисч, Шандугийн гандирсийг Европ шүлэгчийн сэтгэлд сүндэрлүүлсэн нууцыг зөвхөн яруу найргийн зөн бэлгийн түлхүүрээр л онгойлгож болно.

Цаг хугацаа, ой санамжийн хоорондын харилцан шүтэлцээ нь ч цагийн орчил, орон зайгаар огт хэмжигдэхгүй мэт. Ан гөрөө хийж, одон орон судалж, бичиг соёлоо хөгжүүлж, яруу найргаа зохиож байсан тэр өлгий нутаг усан манан дундаа хаанаас хэнийг хүлээн чимээ алдран, гүндээ шүүрс алдан зэрэглээтнэ, Аливаа газар орон бүхэн өөрийн түүх намтар, өнөөдрийн дүр төрхөө бас ирээдүйнхээ элбэрэл зөн совинг хадгалж буй гэдэгт би бүрнээ итгэнэм.



Шандугийн
Шар талд
Шаргачин зээр гүйлдэнэ.
Шандугийн
Шаргал хүн чулууд
Чанх өөдөөс ширтэнэ. Шандугийн
Шар хөшгөөр
Шанх тэнгэрийн багана Чинадаас ч үзэгдэнэ.




Өдрийн Сонин, 2008.02.16 ¹038 /2802/