Skip to main content

Яруу найрагч Имрэ Цолдос –Imre Zsoldos

ЯРУУ НАЙРАГ БОЛ ОРШИХУЙН ЦЭВЭР ТУНГАЛАГ ТАЛСТ


ЯРУУ НАЙРАГЧИЙН ИЛГЭЭЛТ

ӨНДӨР ХҮНДЭТГЭЛТ МОНГОЛЫН ҮЗЭГ НЭГТ ЯРУУ НАЙРАГЧИД АА!

Миний эрхэм дүү Доктор Г.Мэнд-Ооёо анхааралыг минь танайд ч мөн лавтайяа тэмдэглэх Дэлхийн Яруу Найргийн өдөрт хандуулсан юм.

Та бүхэнд энэхүү эрхэм учралт өдрийн баярын мэнд хүргэе!

Энэ 9-р сард Улаанбаатарт болох Дэлхийн Яруу Найрагчдын Их Хуралд оролцсоноор та нартай дотно танилцана гэж найдаж байгаа. Би танай хэлийг мэдэхгүй, танай яруу найраг, соёлын өвийн талаар төдийлөн мэдэж амжаагүй байна. Харин саяхнаас ГҮНҮ сэтгүүлийн нийтлэлээс би бага ч гэсэн ойлголт авч, танай яруу найргийн ямар тансаг, арвин болохыг мэдэж авлаа. Эндээс би та бидний соёл, ертөнцийг үзэх үзэлд ижил төсөөтэй олон зүйл байгааг олж, мэдрэв. Унгар хэл бол Монголтой адил Урал- Алтай язгуурын хэл. Энэ нь бидний сэтгэлгээнд тод ул мөрөө үлдээсэн билээ. Христийн тооллын 896 онд Унгарт ирэхээсээ өмнө бид бас нүүдэлчид байв. Харин өнөөдөр Унгар бол газар тариалан голлосон орон. Унгарын газар нутаг нь үржил шимтэй, хөрс боловсруулах, газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой нутаг билээ.

Унгарт Яруу найргийг маш өндөр үнэлдэг бөгөөд Унгар хүмүүс яруу найргийг ихэд хайрлан хүндэтгэдэг. Хэрвээ бид яруу найрагт итгэдэггүй байсан бол амьдралд итгэх итгэл үгүй байхсан. Хэрвээ бид яруу найргийн бүтээгч хийгээд чинадлагч хүчинд итгэхгүй бол амьдрал утга учиргүй хоосон болох бөлгөө. Хэрвээ яруу найргийн авралт эрчим хүчинд итгэдэггүй байсан бол бид өөрсдөдөө ч итгэхгүй. Яруу найраг бол амьд оршин үлдэхийн ой дурдатгал юм. Яруу найраг бол ертөнцийн бодит үнэний бичиглэсэн илэрхийлэл юм. Тэр бидний зүрх сэтгэлийн өчигдрийг амьд байлгаж, хүсэл эрмэлзлийн маань өнөөдрийг, итгэл найдварын маань ирээдүйг, бид юу хүсэж байсан хийгээд одоо юу хүсэж байгаа, ирэх залгамжид юу болох тэр бүгдийг хадгалж, илэрхийлж байдаг. Яруу найргийг зөвхөн түгээмэл болгож байж, үе уламжлуулан өгч байж гэмээж нь хадгалж, хамгаалж болно. Ингэхгүй аваас тэр нь угаас тун хэврэг, уусамтгай, хайлж, шингэрэн урсдаг, үгүй бол, асч ноцдог зүйл билээ. Яруу найраг хүсэл зоригийн дурсамж, бодит оршихуйн бичиглэл юм. Аман болон бичгийн яруу найраг амьд бүрэлдүүн хэсэг нь болох тэрхүү цорын ганц урлаг бол цаглашгүй өөрөө билээ. Яруу найрагч хүн бүтээж туурвихыг хүсч байгаа цагт хүн төрөлхтний амьдрал баталгаатай байх болно. Яруу Найрагчид бол төгс төгөлдрийн, ирээдүйн хүүхдүүд юм. Яруу найраг үргэлж хүний оюун ухаан зүрх сэтгэлийн дотоод цөм рүү нэвтрэн орох бүтээлч шинжийг агуулдаг. Яруу найраг нь эр зоригийн метаморфоз, боломжгүйгээр оролдох зориг, нүглээс аврагдах итгэл, дахин төрөх найдлага. Хүний зүрх сэтгэлийн түнэр харанхуйд ч гэрэлтэж байдаг үнэнийг яруу найрагчид л тодруулж, сохор доголон, дүлий хүмүүст ч ойлгомжтой, хүртээмжтэй болгоно. Түүний дуу хоолой, тунгалаг аялгуу хаа сайгүй цуурайтан түгнэ. Өнөө үед зөвхөн хүмүүс л ярьж чадаж байна. Бидэнд хамгийн дотно бусад амьтас бидэнтэй ямар нэг хэмжээгээр харилцаж чадах ч энэ нь тун хязгаарлагдмал. Яруу найраг бүтээхийн тулд яадаг билээ? Яруу найраг хэрхэн төрдөг билээ? Би яруу найраг үгээр бүтээгддэг гэдэгт итгэж явдаг. Зураачид олон өнгийн будаг, барималчид болохоор манай дэлхийн бүх материалууд олддог бол Яруу найрагчид зөвхөн түүний дуу хоолой, эсвэл, бичиг үсэг л байна.

Үг бол яруу найргийн суурь элемент шүү дээ. Үг нь оюун ухааны ил үзэгдэх хэлбэр, өгөгдөл. Үг утга, учраа хэзээ ч үл алдна. Яагаад гэвэл, үгний үндэс язгуур оюун ухаанаас эхтэй. Үгс нь биднийг өвөг дээдэс, өнгөрсөн үетэй минь хамгийн бат бэхээр холбогч авай. Түүх, нийгмийн энэ их хуурамч багийг зөвхөн цэвэр ариун үгс л шударгаар хуулан илчилдэг. Олон физикч, одон орон судлаач, философч, бас зарим нэг яруу найрагчдын хэлдгээр хүнийг энэ газар, дэлхий дээр орь ганцаар амьдрах лайтай төрсөн, гомдож, бухимдсан, амьдралдаа юу хийж, яахаа ч үл мэдэх оюун санааны амьсгаа төдий зүйл гэдэг. Хүнийг ёс зүй бус үйлдэл хийх туйлын эрх чөлөө эдлэдэг ч гэх. Гэтэл үнэхээр тийм бил үү? Хүн өөрийгөө бодитойгоор дүгнэж, цэгнэе гэвэл зөвхөн өөрийн байдгаас арай илүү өндөрлөг, өнцгөөс харж байж гэмээж нь зөв үзэл, бодолтой байж чадах билээ. Гэтэл хэзээ ч оршиж байгаагүй хангалуун байдлын эрин, түүхнээ хамгийн өндөр хөгжилтэй эдийн засгийн дэвшил гэгчийг авчрах бас нэг шинэ Христ гэж бишрүүлж, магтуулахын тулд мугуйд, мулгуу сурталдагчид энх амгалан, шудрага ёс, ардчилал зэрэг үгсийн утгыг хэрхэн гуйвуулж, хүзүүг нь мушгихыг бид үзэхээрээ нэг болсон биш үү. Азаар тэдний дэмий яриа, чалчаа үгсийн ард нуугдах үнэн нүүр царайг нь илчлэх яруу найрагчид хангалттай байж. Жинхэнэ яруу найраг цэвэр үнэнд, зөвхөн үнэнд үйлчилнэ. Яруу найраг бол бодит оршихуйн цэвэр тунгалаг талст билээ. Яруу найраг болгон бодит байдалд нэг бол анхаарлын тэмдэг, нөгөө бол асуултын тэмдэг тавьж байдаг.

Унгарын, мэдээж хэрэг, Монголын анд, яруу найрагчдад зориулан яруу найраг гэж юу болох талаар хүргэх гэсэн энэ хэдэн санаагаа дараах ишлэлээр гүйцээсү.

Эрх мэдэл хүнийг их зантай болгодог бол яруу найраг хүний чадвар хязгаартай болохыг сануулж байдаг. Эрх мэдэл хүний эрхэмлэлийн хүрээг явцууруулдаг бoл яруу найраг хүний оршихуй хичнээн баялаг бөгөөд олон талтайг сануулж байдаг. Эрх мэдэл аюилгач болгодог бол яруу найраг цэвэршүүлнэ гэж Жон Фитцжеральд Кеннеди хэлжээ,

Эрхэм дүү, Өндөр хүндлэлт, Үзэг нэгт яруу найрагч доктор Г.Мэнд-Ооёо,

Чамд болон Монголын бүх авьяаслаг яруу найрагчидад баяр хүргэж, энэхүү цөөн хэдэн бодлоо хуваалцахыг хүслээ.

2006.03.21

Орчуулсан О.Мөнхнаран

Comments

Popular posts from this blog

Жамбын ДАШДОНДОГ: Би хүүхдийн суут чанарыг гаргах гэж зохиолоо бичдэг

Японы NHK телевизийнхэн “Азид хэн нь хэн бэ?” хэмээх хэмээх алдарт нэвтрүүлгээ монголын хүүхдийн зохиолч, Нүүдлийн номын сангийн эрхлэгч, Жамбын Дашдондогт зориулж гаргаж байлаа. Мөн монголын олон хүүхдүүдийн унших дуртай ном, дуулах дуртай дуунуудын эзэн, түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ. Хүүхдийн уран бүтээлээр чөлөө завгүй ажиллаж байгаа хүн гэвэл яахын аргагүй өөрийг тань нэрлэнэ. Ойрын үед ямар бүтээл туурвиж байна? Үүгээр яриагаа эхлэх үү? - Дэлхийн хүүхдийн 3 боть номонд дээр ажиллаж байна. Эхний ботид нь дэлхийн хүүхдийн яруу найргийн бүтээлээс 60 орны 240 зохиолч багтсан. Хоёр дахь ботид нь мөн 60-аад орны 100 гаруй зохиолчийн хүүрнэл зохиол орсон байгаа. Энэ хоёр ботио дуусгаад хэвлэлд шилжүүлчихсэн. “Сэлэнгэ пресс” хэвлэлийн газар надад энэ саналыг тавьсан. Гурав дугаар ботийг нь дараа жил өгнө. Хүүхдийн уран зохиолын сурах бичгийн чанартай байх юм. Уншихыг яармаар номын сураг байна. Хүний нэг насандаа хийж болох хамгийн том

Б.ЯВУУХУЛАН

МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ Зорин ирэх амрагаа хүлээхэд Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж Шөнийн чимээгүй гадаа налайн Унийн углуургаар саран гэрэлтэнэ . Өнчин дэрэн дээр нойр хулжсан Ухаангүй дурлалын урхинд байхад Мөнгөн хазаарын бүдэг чимээ Онгон зүрхийг цочоон баясгана . 1959 он АМОРЭ Аморэ , Амрэ , амрагхан Аморэ Алс Сорентод бид уулзаагүй ээ , Аморэ ! Дуулим тал нутагтаа байж би , Аморэ , Дурлалын чинь дууг сонссон юм , Аморэ ! Хараацайн даль шиг хөмсөг чинь , Аморэ ! Харагдах шиг болсон юм , над Аморэ ! Харын нүдний чинь талимаарал , Аморэ ! Хайлуулчих шиг болсон юм , намайг Аморэ ! Зугаатай уяхан хоолойнд чинь Аморэ , Зуун настан ч залуужна бий , Аморэ ! Мөнх сарьдаг хүйтэн уулын чиг , Аморэ , Мөст магнай нь хөлөрнө бий , Аморэ ! Аль чиг хүний сэтгэл бол , Аморэ , Арслангийн бяртай хүчтэн юм , Аморэ ! Хайрын дууны өмнө болохоор л ,

Хайрын номын сангийн учир

“Аргагүй амраг” хайрын шүлгийн ант о логийг эмхэтгэгчийн үг Эцэг тэнгэрээс үүдэж эхийн хэвлийгээс мэндэлж, нарт хорвоогийн тоост амьдралд өрнөх хүмүүний амьдрал магадгүй бүхэлдээ хайрын түүх байх. Элбэрэлт эхийн агуу хайрыг эхэлж амсан мэдэрч эхэлснээс гэр бүл, ахан дүүс, анд нөхөд, янаг амрагийн гээд хайрын дунд хүмүүний амьдрал үргэлжилнэ. Гагцхүү их хайрынхаа туульсийг дуулж үлдээдэг нь уран бүтээлчид, тэр дундаа яруу найрагчдын зүрх сэтгэлийн дуудлага буюу. Тэд амьдралынхаа алтан сайхан агшин, амтат цэнгэл, амсаагүй жаргал, өнгөрсөн учралаа өөрийн үгээр, сэтгэлийн бичээс болгон үлдээж хожмын хэн нэгнийг уншихад хамрын самсаа шархирч, нүдний нулимс бүрэлзэж, зүрх хөндүүрлэж, чих шуугиж, алмайрч, догдолж, бахархаж, шагшин дуурьсана. Хувь хүний шинж бүхэн өөр өөр байдаг шиг хүн болгоны хайр дурлал, учрал бүхэн өөр өөрийн өнгө аястай давтагдашгүй түүх, дурсамж, шаналал, тайтгарал үлдээдэг. Хайр амссан зүрх сэтгэл ямагт дулаахан байж, хавь орчиндоо жаргалын туяа гялбуулж, орчло