Skip to main content

Posts

Showing posts from 2008

Гол өндрийн тэнгэр буюу Зотол Хан

Зуны дэлгэр цагт нутагтаа бараалсангүй гурван жил шахам болсон миний хувьд энэ зуны аялал нэг л ер бусын байлаа. Ер нь би нутагтаа очих болгондоо л нэг ийм мэдрэмж эн тэргүүнд тээдэг дээ. Хүсэл дуудах салхи минь, Хүй цөглөсөн тал минь, Хөлд орсон шороо минь, Хагацахын аргагүй нутаг минь болохоор тэр юм болов уу даа. Аав ээжтэйгээ уулзаж нялхараад оройн наранд сууж ахуйдаа энэ жил Бүдүүн овоондоо мөргөхөөр явцгаая гэж уриаллаа. Бүгд л миний саналыг дуун дээр нь хүлээн авч, аав минь шатахуунаа бэлдэж, ээж минь Овоонд өргөх идээний дээжээ зэхлээ. Бидний Бүдүүн овоо хэмээн цээрлэн дуудах овоо бол далайн төвшинөөс дээш 1425 метр өндөр дөрөвдөгч галавын үед оргилж байгаад унтарсан, эртний сүлдэн их тахилгат Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол Хан Уул юм. Эрхт сод Богдоос янагш алтан ургийн ураг дор хүртэл Түмний тэрхүү мянганы эх болсон эзэд хаад, ноёд Түшмэл, ард бид бүгдээр энх амгалан жаргах болтугай Эрэл сурал үгүй амар тайван жаргатугай хэмээн “Онгон Зотол ханы сан”

Яруу найрагч шүлгэндээ оршихуй буюу Данзангийн Нямсүрэн

Яруу найрагч, зохиолчид уран бүтээлээрээ өөрийн эзгүйд ч хүмүүстэй уулзан, ярилцаж ухаан бодлоо солилцон амьдрах бөлгөө. Гэхдээ хүн болгон бас тэгэж амьдарч чаддаггүй. Хэн өөрийн шүлэг зохиолдоо өөрөө гүн нарийн дотоод сэтгэлээрээ оршиж чадсан байна, тэр хүн ингэж эрин зуунд “үргэлж мөнх өдөр”тэй амьдрах бөлгөө. Зарим шүлэг тухайн цаг үедээ алдаршаад, аажмаар яруу найргийн уншилтын тайзыг орхин цаг үетэйгээ үлддэг байхад харин зарим шүлэг цагийн цагт нар лугаа мандаж, цэцэг лүгээ дэлгэрч өөр өөр цагийн уншигчдын сэрэл мэдрэмжийг хөглөн дуулсаар байдаг билээ. О.Дашбалбар нэгэнтээ “яруу найраг бол зан төрх, зан төрх нь шүлгэнээс нь мэдрэгдэж байвал тэр жинхэнэ яруу найрагч. Тийм яруу найрагч монгол цөөхөн дөө” гэж хэлсэн байна. Энэ цөөн хүний нэг бол яахын аргагүй түүний өөрийнх нь багш, дорнын их найрагч Нямсүрэн юм. Зөөлөн өвс үүрэндээ зөөх Шувуу шиг Зүрх сэтгэлийнхээ уй баярыг Хүмүүст нэг, нэгээр өгнө. Тиймээ тэрээр их өглөгч хүн байсан гэдэг. Зүрх сэтгэлийнхээ уй баярыг хүртэл хүмүүс

ГЭГЭЭНЭЭР БVТСЭН ЭРДЭНЭЦАГААН

Манай заставын хашаанд эхээсээ төөрсөн нэгэн цоохондой ороод ирсэн байлаа. Амьтны нялх зулзага гээд ээж маань сvv өгч манайд хэд хоног байсан юм. Янз нь эхээсээ төөрөөд ийш тийш дэмий давхисаар нэлээд ядарсан бололтой. Сvv уугаад унтаад өглөө. Хэрзгэр нарийхан туяхан хөлтэй. Биен дээрээ баахан цоохор толботой. Том хар нvдтэй амьтан. Ингэж би анх удаа бугын илийг ойроос харсан минь энэ. Лхачинвандад уулын зvгээс агь гангын vнэртэй зөөлөн салхи сангийн утлага мэт сэвэлзэнэ. Өглөө эрт буга урамдах ер бусын сайхан дуу намайг сэрээнэ. Энэ дуу Бугын булгийн тэн­дээс сонсдоно. Буга гэдэг амьтан бас хаа хамаагvй олдсон усаа уудаггvй гэнэ. Эндхийн буганууд ганцхан тэр булгаас ундаална. Манай хутагт эрдэнийн vрэл хийж адисласан ус. Энэ бол алс тэртээх зvvн хязгаарын манаа, миний төрсөн нутаг Шовдол булгийн застав. Монгол орны зvvн хязгаар гэхээр Хатигиний их хээр тал, Мэнэнгийн талын хаяа хязгааргvй цэнхэр алс санаанд бууна. Гэхдээ л тэнд буга урамддаг. Зарим хvмvvс гайхаж байж болох юм аа. Арга

САРНЫ ГЭРЛЭЭС ЭРДЭНИЙН ЧУЛУУ ТҮҮХ ЮЙ СИГИЙН УЯНГА

Нэг Ертөнц өөрөө агуу их туурвигч бөгөөд хамгийн том туурвил нь бол хүмүүн бидэн билээ. Хүмүүн бидэн өөр өөр газар орноо мэндэлж, өр өөр ёс суртахуунаар хүмүүжиж, өөр өөр хэлээр ярьдаг ч бидний зүрх сэтгэл, түүний үнэмлэхүйн мөн чанар нь үнэхээрийн адилхан буюу. Уран зураач, хөгжмийн зохиолч, гэрэл зурагчин, яруу найрагч, гүн сэтгэгч хүн чухам ямархан нэгнийг нандигнан тэмүүлэн зорьж, альхан замаар бидэнтэй алхаж, юуг хэрхэн дуулна вэ? гэж бодох үнэхээр сонин бөлгөө. Түнэр орчлонгийн хүн бүхэн төөрөг заяаны барилдлагатай Түм буман урьдын явдал мэлмийн чанадад хадгалаастай… Орчлон ертөнц энгүй уудам ч гэлээ Огт үл таних харь хүн гэж нэгээхэн ч үгүй Оддын чуулалд ч зөгнөл төрмүй … Ямар ер бусын сайхан бодрол ухаан вэ? Төөрөг заяаны барилдлагатай болохоор харь хүн гэж нэгээхэн ч үгүй ажгуу. Өнөөдөр бид бие бие рүүгээ муухай харж, муу үг шидэлцэж, нэгнээ үзэн ядаж энд тэндгүй үл хүндэтгэл, үл ойлголцол байхад тэрээр бидэнд бид бол дэлхийн ээжийн хүүхдүүд, ах дүү амраг садан гэдгийг маань с

ШАНДУГИЙН ШАР ТАЛ, УСАН МАНАН, ЦЭНХЭР ЗЭРЭГЛЭЭ

Хубилай хаан” шүлгийн гар бичмэл Намрын дунд сард дээд нийслэлийн шар талд шаргал гэгээнээр усан манан хөшиглөж эртний хааны байгуулсан өндөр хана хэрэм сүр жавхлантайяа долоон зуугаад жилийн тэртээх тэр л хэвээрээ зэрэглээтэн харагдах. Их хотын төв хэсэгт эзэн хааны суудал заларч чанх өөдөөс нь балар эртний монгол язгууртан дээдсийн хүн чулуун хөшөө ширтэнэ. Зүүн мутартаа тансаг сэржимтэй алтан хундага дэвшүүлжээ. Энэ бол монголын эзэнт гүрний их хаан Хубилайн байгуулсан зуны ордон хэмээх дээд нийслэл Шанду юм. Монголын тавдугаар их хаан Хубилай сэцэнээс хойш Тогоонтөмөр хааныг хүртэл бараг зуун жил монголын төрийн хаад зусаж, төрийн хэргээ явуулж байсан эртний ерөөлт газар орон. Цагаан хэрмийн чанадах хүний нутагаас хааяа алсарч эх нутгийн салхийг амталж, чулуунд нь дулаацан, аршаан усыг нь амсаж болох шимийн ундрагатай газар байсан гэнэм. Шанду бол зүүд зөн, совин бэлгэ, яруу найргийн сэрэхүйд гялбан тусч байдаг шидэт орон ажгуу. Долоон зууны тэртээ гэрэл зураг, дүрс бичлэг юу ч ба