Яруу найрагч, зохиолчид уран бүтээлээрээ өөрийн эзгүйд ч хүмүүстэй уулзан, ярилцаж ухаан бодлоо солилцон амьдрах бөлгөө. Гэхдээ хүн болгон бас тэгэж амьдарч чаддаггүй. Хэн өөрийн шүлэг зохиолдоо өөрөө гүн нарийн дотоод сэтгэлээрээ оршиж чадсан байна, тэр хүн ингэж эрин зуунд “үргэлж мөнх өдөр”тэй амьдрах бөлгөө. Зарим шүлэг тухайн цаг үедээ алдаршаад, аажмаар яруу найргийн уншилтын тайзыг орхин цаг үетэйгээ үлддэг байхад харин зарим шүлэг цагийн цагт нар лугаа мандаж, цэцэг лүгээ дэлгэрч өөр өөр цагийн уншигчдын сэрэл мэдрэмжийг хөглөн дуулсаар байдаг билээ. О.Дашбалбар нэгэнтээ “яруу найраг бол зан төрх, зан төрх нь шүлгэнээс нь мэдрэгдэж байвал тэр жинхэнэ яруу найрагч. Тийм яруу найрагч монгол цөөхөн дөө” гэж хэлсэн байна. Энэ цөөн хүний нэг бол яахын аргагүй түүний өөрийнх нь багш, дорнын их найрагч Нямсүрэн юм. Зөөлөн өвс үүрэндээ зөөх Шувуу шиг Зүрх сэтгэлийнхээ уй баярыг Хүмүүст нэг, нэгээр өгнө. Тиймээ тэрээр их өглөгч хүн байсан гэдэг. Зүрх сэтгэлийнхээ уй баярыг хүртэл хүмүүс...